Хилийн ангиудын эмч, эмнэлгийн ажилтнуудыг чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-03-02 20:20:45
Дорнод /МОНЦАМЭ/ Зүүн гурван аймгийн хилийн ангиудын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ариун цэврийн зааварлагч нарыг чадавхжуулах сургалт Дорнод аймагт болж байна. Хил хамгаалах ерөнхий газар АШУҮИС-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд хилийн цэргийн анги нэгтгэлүүдэд бүсчилсэн сургалт зохион байгуулж байгаа. Тус сургалт Улаанбаатар, Өмнөговьд болж, энэ удаад Зүүн бүсийн сургалтаа Дорнод аймгийн Хилийн 0132 дугаар ангийг түшиглэн зохион байгуулж байна. 

Сургалтад Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн хилийн цэргийн 7, зэвсэгт хүчний 1 ангийн 100 гаруй эинэлгийн мэргэжилтэн хамрагдаж байна. Тэдэнд АШУҮИС-ийн доктор, профессорууд "Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хандлага харилцаа", "Хүнд өвчтөнийг үзэх, үнэлэх, тусламж үзүүлэх дараалал", "Цусны эргэлтийн цочмог хямрал, үзүүлэх тусламж", "Гавал тархины гэмтэл, авах арга хэмжээ" зэрэг сэдвээр онолын мэдлэг олгож, клиникийн дадлагаар баталгаажуулах юм. Мөн сургалтад оролцохоор ирсэн эмнэлгийн ажилчдыг дотор, мэс засал, гэмтлийн үзлэг оношилгоонд хамруулах аж.

Хилийн цэргийн ангиудын ихэнх нь төв суурин газраас хол, алслагдмал байдаг учир эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан үзлэг оношилгоо, мэдлэг олгох сургалт, клиникийн дадлага зэргийг нэгтгэж чадсан цаг үеэ олсон, үр дүнтэй сургалт боллоо гэж оролцогчид хэлж байлаа.  

Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ариун цэврийн зааварлагч нарын Зүүн бүсийн сургалт маргааш дуусна. 

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ