Хууль бусаар хил нэвтэрч адуу хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-27 18:50:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын наймдугаар багийн иргэн А-ийн адуу хулгайд алдагдсан гэх гомдол мэдээллийг энэ сарын 27-ны өдөр өглөө Цагдаагийн байгууллага хүлээн авчээ.

Гомдлын дагуу Ногооннуур сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид Хилийн цэргийн 0285 дугаар ангийн алба хаагчдын хамтаар эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан байна. Шуурхай эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд тухайн өдрийн 15 цагийн орчимд тус сумын наймдугаар багийн нутаг дэвсгэр болох “Асгат” гэх газар ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын дөрвөн иргэн хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтэрч, бүлэглэн адуу хулгайлсан болохыг тогтоон, саатуулжээ.

Уг асуудлаар Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд хулгайлсан адууны тоо хараахан тодорхойгүй байна.  

Иймд хил орчмын бүс нутагт оршин сууж байгаа малчин, ард иргэдэд хил дамнасан мал хулгайлах гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас уриалж байна. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ