Сургуулиудын 80 хувь нь “Багш хөгжлийн төв”-тэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-02-27 12:46:52
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн зүгээс багшийг ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих боломжоор хангаж ерөнхий боловсролын сургуулиудыг “Багш хөгжлийн төв”-тэй болгож байгаа. Энэ онд  2 сургуульд шинээр байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр тус аймагт 18 сургууль буюу нийт сургуулийн 80 гаруй хувь нь “Багш хөгжлийн төв”-тэй болох юм.
Нэг төвийг л гэхэд орон нутгийн төсвөөс 10 сая төгрөгөөр санхүүжүүлж, багш нарт тав тухтай орчин бүрдүүлэх 14 нэр төрлийн 52 ширхэг тавилга, тоног төхөөрөмж суурилуулж байгаа аж. Дорнод аймгийн хувьд боловсролын салбараа бодлогоор дэмжиж сургууль бүрт “Багш хөгжлийн төв” байгуулж байгаа нь орон нутагтаа анхны тохиолдол юм.
Мөн сонирхуулахад, тус аймгийн зүгээс “Хүүхэд хөгжлийн төв”-ийг хоёр сургуульд байгуулжээ.
Дорнод аймагт төрийн 23, хувийн 3 сургууль үйл ажиллагаа явуулж байна.    

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ