АНУ-ын Төв банкны тэргүүнээр томилогдсон Ж.Пауэлл тангараг өргөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2018-02-06 11:21:05
ВАШИНГТОН. /АП/. АНУ-ын Холбооны нөөцийн сан буюу Төв банкны захирагчаар томилогдсон Жером Пауэлл тангараг өргөжээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Ж.Пауэллын тангараг өргөх ёслол өчигдөр Вашингтон хотноо Холбооны нөөцийн сангийн төв байранд болсон байна. Америкт ажлын байр болоод цалин хөлсний хэмжээ нэмэгдэж, эдийн засаг тогтвортой өсөх шатандаа ороод буй энэ үед тэрбээр хатагтай Жаннет Йеллений халааг авч байгаа юм.

Ж.Пауэлл нь АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргааны үед Сангийн дэд сайдаар ажиллаж байсан гэнэ. Мөн тэрбээр 2012 оноос хойш Холбооны нөөцийн сангийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өдгөө 64 настай түүнийг тус банкны захирагчийн албан тушаалд өнгөрсөн оны 11 дүгээр сард нэр дэвшүүлж байсан юм.

Тус банкны одоогийн байр суурийг буюу эдийн засгийн өсөлттэй уялдуулан бодлогын хүүг бага багаар нэмэх бодлогыг үргэлжлүүлэн мөрдөнө гэдгээ Ж.Пауэлл илэрхийлжээ. Ажиглагчдын үзэж буйгаар, Холбооны нөөцийн сан энэ онд бодлогын хүүгээ гурван удаа нэмэх төлөвтэй байна

Г.Доржханд

Холбоотой мэдээ