ӨАБНУ-д 950 орчим хүн уурхайн гүнд боогдоод байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-02-02 09:48:37
ЙОХАННЕСБУРГ. /Би-Би-Си/. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын /ӨАБНУ/ Хойд Фри-Стейт мужид аянга бууснаар нэгэн гүний уурхай гэрэл цахилгаангүй болсны улмаас 950 орчим хүн уурхайн гүнд боогдоод байна гэж “Би-Би-Си” телевиз мэдээлэв.

Хойд Фри-Стейт мужийн “Беатрикс” алтны гүний уурхайг эзэмшдэг “Сибани-Стиллуотер” компанийн хэвлэлийн төлөөлөгчдийн мэдэгдсэнээр,  тус уурхайд лхагва гарагийн оройноос хойш уурхайчид боогдоод байна. Хэвлэлийн төлөөлөгч ярихдаа “Одоогоор бүх ажилтны биеийн байдал хэвийн байна. Бид хоол хүнс болон ус өгч байна. Инженерүүд цахилгааны утасны гэмтлийг засварлахаар ажиллаж байна” гэжээ.

Гэхдээ тус улсын Уурхайчдын холбоо мэдэгдэл хийхдээ “Аврах ажиллагаа маш удаашралтай байна. Олон уурхайчны амь насанд аюул учраад байна” гэсэн байна.

“Беатрикс” нь Йоханнесбург хотоос баруун өмнөд зүгт 290 км зайтай газарт, газрын гадаргуугаас доош 1000 метр гүнд оршдог уурхай гэнэ. 

ӨАБНУ нь алт олборлолтоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг хэдий ч  тус улсад уурхайн том, жижиг осол байнга шахуу гардаг аж. Тус улсад дэлхийд хамгийн гүн бөгөөд аюултайд тооцогддог цөөнгүй уурхай байдаг гэнэ. Өнгөрсөн онд тус улсад уурхайн ослоор 80 гаруй хүн амиа алджээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ