Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулалд ногдох татварын хэмжээ буурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-01 11:45:55
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын  тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс  эхлэн мөрдөхөөр хуульчилсан. Энэхүү хуулийн хэрэгжилтийг буцааснаар цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг бууруулах юм. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөл батлагдсанаар иргэд, аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, татвараа шударгаар төлөх идэвх санаачилга дээшлэх бөгөөд бизнесийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болоход эерэг нөлөө үзүүлэх аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, "ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар гурван сайн зүйл бий болсон. Өнгөрсөн 4 жилд авсан өндөр хүүтэй, богино хугацаатай зээлүүдийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр сольж байна. Зээлжих зэрэглэл өслөө. Төсвийн сахилга бат сайжирсан. Ер нь манай УИХ-ын гишүүд ард түмний нэрийг барих, хий улстөржих нь их боллоо. Үүнийгээ болих хэрэгтэй" гээд тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжив.
Б.Туул
Холбоотой мэдээ