Умард Солонгосын 13 иргэнийг шилжүүлэн өгөхийг Сөүлээс шаардав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-01-31 10:22:44
ЖЕНЕВ. /Эн-Эйч-Кэй/. Хятадад байдаг Умард Солонгосын нэгэн зоогийн газарт ажиллаж байгаад Өмнөд Солонгос руу зугтсан 13 хүнийг шилжүүлэн өгөхийг Умард Солонгос Сөүлээс шаардлаа гэж Японы “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээллээ.

Женев дэх Умард Солонгосын Төлөөлөгчийн газраас мягмар гарагт гаргасан мэдэгдэлд “Манай улсын 13 иргэнийг ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр, яаралтай шилжүүлэн өгөхийг Сөүлээс шаардаж байна” гэжээ.

Хятадад ажиллаж байсан Өмнөд Солонгосын 13 иргэн манай улсад зугтаж ирсэн гэж Өмнөд Солонгосын албаны хүмүүс 2016 оны дөрөвдүгээр сард мэдэгдэж байсан юм. Харин Умард Солонгосын мэдэгдэлд “Өмнөд Солонгосын тагнуулынхан энэ хүмүүсийг хууран мэхэлж, хулгайлсан” гэжээ.

Мөн энэ 13 хүнийг аль болох хурдан эх орон руу нь буцаахын тулд байж болох бүх арга хэмжээг авахыг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас Женев дэх Умард Солонгосын Төлөөлөгчийн газар шаардсан байна.

Умард Солонгос урьд нь Өмнөд Солонгос болон НҮБ-д энэ асуудлаар шаардлага хүргүүлж байсан юм. Шаардлага тавиад бараг хоёр жил өнгөрч байгаа хэдий ч энэ асуудал шийдэгдээгүй учир дахин шаардаж байна гэж Умард Солонгосын мэдэгдэлд дурджээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ