Энэтхэгт 8 сартай охиныг хүчирхийлсэн хэрэг гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-01-30 16:15:35
ШИНЭ ДЕЛИ. /Би-Би-Си/. Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод найман сартай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг гарчээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, энэ хэрэг өнгөрсөн ням гарагт гарсан бөгөөд охины биеийн байдал маш тааруу байна. Цагдаа нар энэ хэрэгт хохирогчийн үеэл ах болох 28 настай этгээдийг сэжигтнээр татан баривчлаад байгаа гэнэ.

Дели хотын Эмэгтэйчүүдийн комиссын тэргүүн Свати Маливал бяцхан охины хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгт өчигдөр орой очсоныхоо дараа “Твиттер” хуудастаа “Ийм жаахан охиныг хүчирхийлсэн гэдэгт үнэндээ итгэж чадахгүй байна. Охин гурван цагийн турш хагалгаанд орсон. Охины дотор эрхтнүүд маш хүнд бэртэж гэмтсэн байна” гэж бичжээ. Мөн тэрбээр “Одоо бид юу хийх вэ? Наймхан сартай нялх хүүхдийг аймшигтайгаар хүчирхийлсэн хэрэг гарч буй энэ хотод та бүхэн амар тайван унтаж чадаж байна гэж үү?” гээд, Энэтхэгийн охид эмэгтэйчүүдийг хамгаалахын тулд хуулиа эрс чангатгахыг Ерөнхий сайд Нарендра Модид уриалжээ.

2012 онд  Шинэ Дели хотод автобусанд 23 настай оюутныг бүлэглэн хүчирхийлсэн хэрэг гарснаас хойш хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгасан хэдий ч өнөөдөр тус улсад охид эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн хэрэг тасрахгүй гарсаар байна.

Статистик мэдээнээс үзвэл, 2015 онд Энэтхэгт охид бэлгийн хүчирхийлэлд өртсөн 10854 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2016 онд энэ тоо 82 хувиар өсөн 19765 болж нэмэгджээ. Ээжийнхээ хажууд унтаж байсан 11 сартай охиныг хөрш нь хулгайлж, хоёр цагийн турш балмадаар хүчирхийлсэн хэрэг тус улсад хоёр жилийн өмнө гарч байв. Мөн 2015 оны 11 дүгээр сард тус улсын өмнөд нутгийн Хайдерабад хотод гурван настай охиныг хулгайлж, хүчирхийлсэн хэрэг гарч байсан юм.
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ