Д.Хаянхярваа:Солонгос Улсаас авах 500 сая ам.долларыг орон сууцжуулах хөтөлбөрт зориулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-22 13:38:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийсэн юм. Тус бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн тухай болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлд Засгийн газар ойрын хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээллийг сонссон байна. Ингээд “Амьдралыг тэтгэх цэвэр агаар” санаачилгыг дэвшүүлж, энэ хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын нэгнээс ахуйн зориулалтаар нийслэл болон төв суурин газарт түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх, түүхий нүүрсний оронд сайжруулсан түлшны үйлдвэрлэлийг дэмжих, гэр хорооллыг орон сууцжуулах гэсэн гурван үндсэн чиглэлд ажиллах нь зүйтэй гэдэг дээр Засгийн газар МАН-ын бүлэг байр суурь нэгдсэн байна. Үүний зэрэгцээ Солонгос Улсаас авах 700 сая ам.долларын 500 сая ам.долларыг орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулах чигтэй байгаагаа Ерөнхий сайд бүлгийн гишүүдэд танилцуулсан бөгөөд цаашид утаагүй зуух нийлүүлэхийг дэмжихгүй. Мөн нийт айл өрхүүдийг цахилгаанаар халаах нь одоогийн түвшинд хараахан боломжгүй. Учир нь өнөөгийн байгаа хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн мэдээллийг өгсөн гэж бүлгийн дарга ярьлаа. Бүлгийн даргын мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуудалдаа хариулт авав.

-Ипотекийн зээлийн хүүг 5 хувь, урьдчилгааг 20 хувь болгох тухай асуудал яригдсан уу. Цаашид энэ хувилбар шийдэгдэх үү?

-Орон сууцжуулах хөтөлбөрт Солонгос Улсаас авах 500 сая ам.долларыг оруулна. Үүндээ аль болох хямд, зай талбайн хувьд их томгүй байх гэсэн бодлого барьж таарна. Ирэх гуравдугаар сард Солонгосын талаас албаны хүмүүс ирж Засгийн газрын түвшинд уулзалт хийнэ. Энэ үеэр илүү тодорхой мэдээлэл өгөх нь зүйтэй.

-Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд олон ажил хийсэн. Үүний нэг нь сайжруулсан түлш. Иргэдийн гар дээр сайжруулсан түлш нь асдаггүй, дулаан ялгаруулалт бага гэсэн шүүмжлэлд өртөөд буцаад нүүрсээ хэрэглэх болсон. Иймд одоогийн хэрэглээнд гаргах түлш дээр ямар зарчим барих вэ?

-Түүхий нүүрсийг ирэх оноос нийслэлд оруулахгүй. Тэгэхээр түүнийг орлуулах түлш хэрэгтэй болно. Энэ нь сайжруулсан түлш юм. Ингэхийн тулд нэг стандарт тогтоож, үйлдвэрлэлээс гаргадаг болно. Үйлдвэрлэгчидтэй асуудлыг ярихдаа тэрхүү стандартаа барьж ярьдаг болох юм.

-Татварын нэмэгдэлтэй холбоотой бүлгийн байр суурь юу вэ. Татварын нэмэгдлийг бууруулахгүй бол Засгийн газрыг татан буулгана гэж АН-ын бүлэг мэдэгдээд байна?

-Энэ сарын 25-нд ОУВС-гийн төлөөлөл манай улсад ирж ажиллана. Тус сангийнхантай энэ асуудлаар ярилцахаар тогтоод байгаа.  Засгийн газрыг огцруулах тухай  асуудлаар АН-ын бүлэг санал гаргах эрхтэй. Манай бүлгийн хувьд Засгийн газраа аль болох тогтвортой ажиллуулах бодлого барьж буй.

-Өмнөх бүлгийн хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ шатахууны 41 хоногийн нөөцтэй гэж байсан. Шатахууны асуудал одоо хүртэл цэгцрээгүй, иргэд дугаарлаж бензин шатахуунаа авч байна. Энэ асуудал хэзээ хэвийн түвшинд очих вэ?

-Засгийн газрын түвшинд шатахуун импортлогчидтой ярьж байгаа юм байна. А-80, АИ-92 бензиний үнийг нэмэхгүй. Дизелийн түлш, А-95, А-98 дээр нэмэгдэлтэй болгохоор тохиролцсон юм билээ. Шатахууны нөөц бол хангалттай. 
Б.Туул
Холбоотой мэдээ