Спорт загасчлалын бооцоот тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-20 23:28:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Спорт загасчлалын холбооноос мөсний загасчлалын бооцоот тэмцээнийг Толбо нуурын мөсөн дээр өнөөдөр зохион байгууллаа.

Спорт загасчлалыг түгээн дэлгэрүүлэх, спортын тус төрлөөр хичээллэж буй залуучуудыг туршлагажуулах, улсын болон олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд оролцох тамирчдыг бэлтгэх зорилгоор анх удаагаа зохион байгуулсан уг тэмцээнд Улаанбаатар хотоос тус бүр гурван гишүүнтэй хоёр баг, Ховд аймгаас хоёр, Баян-Өлгий айгаас 25, Казахстан Улсаас нэг баг оролцлоо.

Тэмцээний дүрмээр тамирчдад загасыг зөвхөн балансир, далбан халбага ашиглан барихыг зөвшөөрсөн юм. Нийлбэр дүнгээр Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам, сүлжээний газрын баг 7090 гр загас барьж тэргүүн байрыг эзэлж, "Чепак" баг 6480 гр, "Мобиком" баг 6020 гр загас агнасан амжилтаар удаах байруудад шалгарлаа. Түүнчлэн "Мобиком" багийн гишүүн А.Мурат 3710 гр жинтэй загас барьж "Хамгийн том загас барьсан тамирчин"-аар,  "Бес арыс" багийн гишүүн Х.Ертай есөн загас барьж "Хамгийн олон загас барсан тамирчин"-аар тус тус тодорлоо.

Баян-Өлгий аймгийн Спорт загасчлалын холбооны тэргүүн Б.Даулетжаны тайлбарласнаар тус холбоо нь өнөөдрийн тэмцээнийг холбогдох эрх бүхий байгууллагаас өгсөн зөвшөөрлийг дагуу зохион байгуулжээ. Мөн Байгалийн нөөц ашигласны зохих төлбөрийг төлсөн бөгөөд тэмцээний явцад барьсан загасыг буяны үйлсэд зарцуулах юм.

Зохион байгуулагчид цаашид уг арга хэмжээг олон улсын түвшинд жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ