Я.Содбаатар: Шатахууны 41 хоногийн нөөцтэй байгаа тул хомсдол үүсэх боломжгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Бүлгийн хуралдаанаар эхлээд Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Ингээд утааны асуудлыг цогцоор нь авч үзэж шийдвэрлэх хэрэгтэй гэв. Өөрөөр хэлбэл гэр хорооллын дахин төлөвлөлтийг оновчтой хийх, иргэдийг орон сууцжуулах, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, суурьшлын бүсүүдийг шинэчлэн тогтоох, газ болон хийн хэрэглээг дэмжсэнээр агаарын бохирдол буурна. Иймд бүлгийн зүгээс Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудад эдгээр чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Үүрэг чиглэлийн биелэлтийг намрын чуулганы хугацаанд эргэж сонсох болно.
Мөн нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш, нийлүүлэлттэй холбоотой асуудлаарх мэдээллийг сонслоо. Нэгдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар шатахууны хангамж улсын хэмжээнд 41 хоногийн нөөцтэй байна. Зохиомол хомсдол үүсгэж байгаа асуудлыг шалгаж тогтоохыг Засгийн газарт үүрэг чиглэл болголоо. Ер нь энэ чиглэлээр Засгийн газар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэж мэдээлнэ” гэв. Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултаа тавьсан.
-Өнгөрсөн хугацаанд Засгийн газар шатахуун нийлүүлэгч компаниуд хоёр ч удаа боломж олгосон. Энэхүү боломжийг ашиглаагүйнхээ төлөө үнэ нэмэх гэж байгааг юу гэж үзэх вэ?
-Зохиомол хомсдол үүсгэж байгаа асуудлыг зохих байгууллагууд шалгаж шийдвэрлэх үүрэг чиглэлийг өглөө. Ер нь бол Монгол Улсын татан авсан нөөцийг харахад хомсдол үүсээгүй. Мөн үнийн хувьд ажлын хэсгийн дүгнэлтийг харж байж мэдээлэх юм.
-Шатахууны үнийн нэмэгдэлтэй холбогдуулж нефть боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг ярьсан уу. МАН бүрэн эрхийнхээ хугацаанд энэ үйлдвэрийн ажлыг эхлүүлж чадах уу?
-Бүлгийн зүгээс нефть боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх саналаа бүлгийн хуралдааны үеэр хэлж байсан. Энэтхэг улсын Засгийн газраас авах 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр уг үйлдвэрийг байгуулах асуудал өмнөх Засгийн газрын үеэс яригдаж буй. ТЭЗҮ нь 3 дугаар сар гэхэд боловсруулагдаж дуусна гэж бодож байгаа. Ер нь 6 дугаар сараас үйлдвэрийн барилгын ажил эхэлнэ. Болвол МАН бүрэн эрхийнхээ хугацаанд барьж дуусгах зорилт тавьж ажиллаж байна.
-Хиймэл хомсдол үүсгэж байгаа аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч болох уу?
-ШӨХТГ-аас энэ асуудлыг судалж байна.
-"Роснефть" компани дэлхийн зах зээлийн ханшаас 30 хувиар хямд шатахуун нийлүүлье гэсэн санал тавьсан гэсэн мэдээлэл сайтуудаар цацагдаад байна. Энэ мэдээлэл хэр ортой вэ?
-Хараахан тийм мэдээлэл бидэнд ирээгүй.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал