"Эрдэнэт" үйлдвэрийг ХК болгож, иргэдэд хувьцааг нь эзэмшүүлэхээр болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-10 16:17:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Хуралдаан 13 цагаас эхэлсэн бөгөөд нийт 12 асуудал хэлэлцэхээр товлоод буй. Үүнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хэсгийг иргэдэд эзэмшүүлэх тухай" асуудлыг хэлэлцэв. Ингээд "Эрдэнэт үйлдвэр" компанийг хувьцаат компани болгон, тодорхой хувийг нийт иргэдэд давуу эрхийн хувьцаа болгож эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийт хувьцааны хэдэн хувийг, ямар хугацаагаар тасалбар болгон ямар нөхцөлөөр иргэдэд эзэмшүүлэх, иргэд хувьцаагаа худалдах, худалдан авахтай холбоотой журмыг Засгийн газар батлах юм. Мөн энэ хүрээнд олон улсын аудит оруулах, үнэлгээг хийх гэх мэт 10 гаруй ажил өрнөх аж. Энэ асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлэнэ.

Тус компани өнгөрсөн онд үйлдвэрлэл, техник, технологийн болон эдийн засгийн төлөвлөгөөт зорилтоо бүрэн биелүүлж, хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 219,660.4 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Компани жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг юм.
Б.Туул
Холбоотой мэдээ