Татварын нэмэгдэл нийт хүн амын 11.7 хувьд нөлөөлж буйг тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-10 13:15:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийв.

Тус хороонд одоогийн байдлаар 1461 иргэн он гарсаар Хувь хүний орлогын албан татварыг нэмснийг эсэргүүцэж өргөдөл ирүүлжээ. Хууль батлахын өмнө судалж үзэхэд нийт хүн амын 8 хувьд нөлөө үзүүлнэ хэмээн тооцож байсан бол хууль хэрэгжих явцад 11.7 хувьд нь нөлөөлж буйг тогтоожээ. Иймд энэхүү татварын нэмэгдлийг эргэж харах нь зүйтэй хэмээн үзэж, байнгын хорооноос Засгийн газарт хандсан байна. Түүнчлэн татварын ерөнхий хуулийг татвар нэмэх бус замаар өөрчлөлт оруулах цаг нь болсон байна хэмээн үзсэний зэрэгцээ УИХ-д байнгын хорооноос энэ талаарх саналаа хүргүүлэх аж.

Үүний зэрэгцээ уг байнгын хороонд БНСУ-д суух Элчин сайдаар томилогдсон Б.Хурцтай холбоотой асуудлаар нийт 10 иргэн гомдол өргөдлөө ирүүлжээ. Өргөдөлтэй холбогдуулж байнгын хорооноос Ерөнхий прокурорт хандсан бөгөөд ямар хариу ирсэн тухайд эргэж мэдээлэх болно гэж Байнгын хорооны дарга М.Оюунчимэг ярьлаа. Мөн утааг бууруулах чиглэлд төсөвлөсөн хөрөнгийг үр дүнтэй, зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд тэдний зүгээс анхаарал хандуулж ажиллаж байгаа аж. Өнгөрсөн жилүүдэд утааг бууруулахад улсаас ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөж байсан ч шамшигдуулалт их байсан тул эл асуудлыг шалгуулж, буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх асуудлыг гаргаж тавьж байгааг энэ үеэр мэдээлэв.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ