ТОЙМ: “Чингис бонд”-ын 500 сая ам.долларыг барагдуулж, “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-07 22:03:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2018 оны эхний долоо хоногт Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд хэд хэдэн томоохон үйл явдал болж өнгөрлөө. Тодруулбал Зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төрийн мэдэлд 100 хувь авах шийдвэрийг Засгийн газраас гаргаж, 2012 онд олон улсын зээлээс босгосон “Чингис бонд”-ын 500 сая ам.долларын үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулав. Түүнчлэн нийслэл, хот суурин газрын иргэдийн хувьд нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод буй агаарын бохирдлын асуудлаар цогц шийдэл гаргахаар УИХ, Засгийн газар эрчимтэй хэлэлцэж эхэллээ. Энэ мэтчилэн өнгөрөгч долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

“Монголын зэс корпорац”-ийн төлсөн 400 сая ам.долларыг суутган тооцно

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Монгол Улс, 49 хувийг ОХУ-ын Ростех корпорац 1978 оноос хойш эзэмшиж ирсэн. 38 жилийн дараа буюу 2016 онд ОХУ-ын Ростех корпорацтай хийсэн хэлцлийн дүнд 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсад шилжүүлэн, “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь Монголын мэдэлд ирж байлаа. Ингэхдээ 49 хувийн энгийн хувьцааг Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж “Монголын зэс корпорац” ОХУ-ын Ростех компаниас шилжүүлэн авсан юм.

Гэвч 49 хувийг худалдан авах Засгийн газрын давуу эрхийг зөрчиж хувийн хэвшлийн компани Монголыг төлөөлөн шилжүүлж авсан энэхүү ажиллагаа нь хууль зөрчсөн хэмээн үзэж, УИХ-аас Ажлын хэсэг байгуулан шалгаж эхэлсэн. Улмаар УИХ-аас 2017 оны хоёрдугаар сард "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" хэмээх 23 дугаар тогтоол гарч, "Монголын зэс корпорац"-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр" ХХК,  "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийг төрд авахаар тусгасан. Мөн хууль тогтоомж удаа дараа зөрчсөн Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад хариуцлага тооцохыг уг тогтоолд тусгасан байдаг.

Улмаар энэхүү тогтоолыг хэрэгжүүлж ТӨБЗГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-өөс 49 хувийн төлөөллүүдийг хасч, эзэмших эрхийн гэрчилгээг нь ОӨУБЕГ “100 хувь төрийн өмч” болгон өөрчилсөн юм. Харин "Монголын зэс корпорац"-ийн зүгээс Засгийн газар 49 хувийг эзэмшигч хувийн хэвшилтэйгээ ямар нэгэн байдлаар хэлцэл хийж, төлбөрийг барагдуулах чиглэлд тохиролцоогүй байхдаа ийм шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр гомдол гаргаж, ТӨБЗГ, ОӨУБЕГ-ыг хариуцагчаар татан шүүхийн байгууллагад гомдол гаргаж, шат шатны шүүхээр хэлэлцүүлсэн. Улмаар Дээд шүүхээс өнгөрөгч 12 дугаар сарын 7-нд 100 хувь төрийн өмчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосноор "Монголын зэс корпорац" 49 хувиа эзэмших эрхийг сэргээх шийд гарсан юм.



Харин 2018 оны нэгдүгээр сар 4 буюу өнгөрсөн пүрэв гарагт Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд буцаан авах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Ингэхдээ “Монголын зэс корпорац”-тай хийх хэлцэл, төлбөр тооцоог эцэслэх зорилгоор харилцан суутгал хийх болсноор УИХ-ын 23 дугаар тогтоол бүрэн хэрэгжих нөхцөл бүрдүүлсэн байна.

Тодруулбал "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ-ын талд “Монголын зэс корпорац”-аас төлсөн 400 сая 270 мянган ам.долларыг УИХ-ын 23 дугаар тогтоолын дагуу харилцан суутгал хийж шийдвэрлэхээр тогтсон юм. Ингэхдээ Монгол Улсын Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон зээлүүд, Сэлэнгэ аймаг дахь 240.7 тэрбум төгрөгийн  концессын гэрээг хүчингүй болгох, “Монголын зэс корпорац”-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн ногдол ашгийг суутгах зэрэг харилцан суутгал хийхээр шийдвэрлэсэн. Ингэснээр 1 их наяд 31 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг харилцан суутгана. Үүний дараа 49 хувийг төрийн өмчид авах, бүртгэх ажлыг төрийн холбогдох байгууллагуудад Засгийн газрын хуралдаанаас даалгасныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байв.

Улсын дээд шүүхээс “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац”-д бүртгэх шийдвэрийг оны өмнө гаргасан. Дээд шатны шүүхээс ийм шийдвэр гаргасан байхад Засгийн газраас ямар үндэслэлээр төрийн мэдэлд авах шийд гаргасанд хэн хүнгүй нь эргэлзээ төрж байсан. Харин үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хариулахдаа “Өмнөх Засгийн газар харилцан суутгалыг хэрэгжүүлэх арга хэмжээг огт аваагүй байхад Улсын бүртгэлд “төрийн өмч” гээд бүртгэчихсэн байсан. Үүнтэй холбоотой гомдол гараад гурван шатны шүүхээр яваад Улсын дээд шүүхээс “Монголын зэс корпорац”-д бүртгэх шийдвэр гаргасан. Өнөөдрийн шийдвэрийн ялгаа нь Засгийн газар тооцоогоо хийгээд, харилцан суутгал хийгээд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийг 100 хувь төрийн өмч гэж бүртгэх шийдвэр гарч байна. Өмнө нь ийм шийдвэр гарч байгаагүй. Одоо УИХ, Засгийн газрын шийдвэр хэрэгжинэ” гэсэн юм. Өөрөөр хэлбэл өмнөх Засгийн газар УИХ-ын 23 дугаар тогтоолд заасан харилцан суутгал хийх чиглэлийг хэрэгжүүлэлгүйгээр төрийн өмчид бүртгэх шийдвэр гаргасан нь ийн шүүхийн шатанд “унахад” хүргэсэн аж. Тиймээс “Монголын зэс корпорац”-ийн зүгээс дахин шүүхэд гомдол гаргах, эсвэл Арбитрын шүүхэд хандвал Засгийн газар өөрийн шийдвэрээ зөв гэдгийг нотлох баримтаа гаргаж өгнө хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэгдэж байлаа.



Харин энэхүү мэдэгдлийн маргааш "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг эзэмшиж байсан "Монголын зэс" корпорацаас хэвлэлд хандсан юм. Тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “улс төрийн золиос” болж байгаагаа мэдэгдээд Засгийн газар Дээд шүүхийн шийдвэрийг давж, үгүйсгэж байгаад харамсаж байна гэв. Тэрбээр мөн
"Монголын зэс" корпорац Хятад, ОХУ, Казахстаны компаниудтай өрсөлдөж 49 хувийг Монголын талд авчирсан бөгөөд үүний үр дүнд 15 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч, “Эрдэнэт” үйлдвэр улсад төлөх татвар өнгөрсөн онд 4 дахин нэмэгдсэн, 40 жилд хийгээгүй ажлыг  өрнүүлэхээр зэхэж байснаа хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байв. Улс төрийн амлалтаа биелүүлэхээр хувийн хэвшлийнхний эрх ашгийг ноцтой зөрчиж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан хэмээн Засгийн газрыг шүүмжилж, улмаар олон улсын Арбитрын шүүхэд хандах нөхцөл байдал үүсч байгааг “Монголын зэс корпорац”-ийн талаас мэдэгдсэн юм.
Харин Засгийн газрын зүгээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төрийн мэдэлд аваад зогсохгүй үр ашгийг нь нэмэгдүүлэх, компанийн засаглалыг сайжруулахын тулд олон нийтэд тодорхой хувийг эзэмшүүлэх, хувьчлах зэрэг асуудлыг судалж эхэлснээ мэдэгдээд байна.


 
“Чингис бонд”-ын 500 сая ам.долларыг "Гэрэгэ" бондын хөрөнгөөр төлж дуусгалаа
 
2012 оны 11 дүгээр сарын 28-нд Монгол Улсын Засгийн газар “Чингис бонд”-ыг олон улсын зах зээлд гаргаж, маш амжилттай борлуулан, 1.5 тэрбум ам.доллар босгож чадсан юм. Ингэхдээ 500 сая ам.долларыг 5 жилийн хугацаатай, нэг жилийн хүү нь 4.125 хувь, үлдэж байгаа 1 тэрбум ам.долларыг 10 жилийн хугацаатай, нэг жилийн хүү нь 5.125 хувь байхаар тооцон гаргаж байв. Бондын эргэн төлөлтийн хуваарийн дагуу 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сарын 5-нд, 1 тэрбум ам.долларын бондын хүүг 2023 онд хийж дуусгахаар төлөвлөсөн.
Энэхүү хуваарийн дагуу 500 сая ам.долларын үлдэгдэл 127 сая ам.доллар, хүү болох 2 сая ам.долларын хамт хугацаанд нь төлж барагдуулсан талаар өнгөрөгч баасан гарагт буюу 2018 оны 1 дүгээр сарын 5-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдэгдлээ. Өнгөрөгч онд олон улсын санхүүгийн зах зээлээс 800 сая ам.доллар босгосон “Гэрэгэ” бондын хөрөнгөөр ийнхүү “Чингис бонд”-ын эхний төлбөрийг хугацаанд барагдуулж буй бөгөөд энэ онд нийт 3.5 их наяд төгрөгийн их өр төлөх ёстойг Сангийн сайд энэ үеэр хэлж байв.
Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн бодит үзүүлэлтүүд сэргэж, эргэлт сайжирч байгаа нь дараагийн төлбөрүүдийг хүндрэлгүй хийж гүйцэтгэх найдвар төрүүлж байгааг эдийн засагчид хэлж байгаа юм. Олон улсын Зээлжих зэрэглэлийн агентлагууд ч Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөр болон уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засаг сэргэх, улсын төсөв, гадаад төлбөрийн чадвар огцом сайжрах хүлээлттэй байгааг онцолж байгаа. 
2016 онд эдийн засгийн өсөлт -1.2 хувьтай гарч байсан бол 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.8 хувийн өсөлттэй, Монгол Улсын экспортын хэмжээ анх удаа 6.2 тэрбум ам.долларыг давж, гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн онд 1.2 тэрбум ам.долларт, алтны худалдан авалт 20 тоннд тус тус хүрч хандивлагч орнууд болон олон улсын байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр төлбөрийн тэнцэл нэг тэрбум ам.долларыг давж ашигтай гарлаа.  Үүний үр нөлөөгөөр  гадаад валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Улсын төсвийн орлого 2017 онд анх удаа таван их наяд төгрөгөөр давж, төсвийн зарлагыг 98 хувьтай санхүүжүүлсэн, гадаадын хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдсэн гээд эерэг үзүүлэлттэй жил болсон талаар Сангийн яам мэдээлж байгаа.
Зээлжих зэрэглэлийг тогтоодог Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В-” төлвийг “Тогтвортой”-гоос “эерэг” болгон сайжруулан үнэлсэн. Тус агентлаг Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн дунд, урт хугацааны өсөлтийг хангаж, гадаад зах зээл, олон улсын байгууллагуудаас тогтвортой санхүүжилт татан, эдийн засгийн болон төсвийн бодлогод туссан зорилтуудад амжилттай хүрсэн тохиолдолд зээлжих зэрэглэлийг цаашид сайжруулах боломжтой хэмээн үзэж байгаа юм. Бусад агентлагуудаас гаргасан Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ өөрчлөгдөөгүй байгаа ч Стандарт энд Пүүрс агентлаг 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин үнэлж үнэлгээний тайлангаа олон нийтэд мэдээлэх урьдчилсан товтой байна.


 
Утааны асуудлаар Онц байдал зарлахгүй ч УИХ-ыг тараахыг сануулав

УИХ, Засгийн газар өнгөрөгч долоо хоногт утааны асуудалд онцгойлон анхаарлаа хандуулж, УИХ-ын чуулган, Засгийн газрын ээлжит хуралдаанаар авч хэлэлцлээ. Үүгээр зогсохгүй Ерөнхийлөгч Х.Баттулга утааны асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын зүгээс Агаарын бохирдлыг бууруулах Ажлын хэсэг байгуулсан бөгөөд утааг бууруулах асуудлаар өнөөг хүртэл гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт ямар байгаад дүгнэлт хийж, Засгийн газарт чиглэл өгөхөөр төлөвлөж байгаа. Уг ажлын хэсгийн гишүүд энэ долоо хоногт утааны голомт бүхий цэгүүдэд ажиллахаар болсон. Харин Засгийн газраас яндангийн тоог бодитоор цөөлөх, бусад эрчим хүч, техник технологийг ашиглаж, гэр хорооллыг дулаанаар хангах, гэр байшинг дулаалах зэрэг олон тодорхой шийдэл дэвшүүлж, шийдвэр гаргахаар ажиллаж байна. Энэ чиглэлээр урт, дунд, богино хугацааны шийдлүүдийг гаргах бөгөөд үүний үр дүнд утааг 2020 онд 50 хувь хүртэл багасгах, 2024 он гэхэд утааг үндсэнд нь арилгах төлөвлөгөө гаргахаа мэдэгдэж байв.
Засгийн газрын 2018 оны анхны хуралдаанаар Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтыг хэлэлцэж, Дулааны III, IV цахилгаан станцыг өргөтгөн, шинэчлэх ажлыг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх шийдвэр гаргав. Станцуудын хүчин чадлыг нэмснээр энэ онд гэр хорооллын 19 мянган айл өрх 4 кВт-ын хуримтлууртай халаагуур, цаашид 60 мянган айл өрх халаагуур ашиглах боломж бүрдэнэ. Энэ халаагуур өөрийгөө цэнэглэдэг бөгөөд хуримтлуулсан дулааныг нь өдөртөө ашиглах боломжтой болох аж.
Засгийн газрын хуралдааны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэв. Мөн Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн асуудлаар мэдээлэл хийхдээ “Ногоон нуур орчмын түр суурьших орон сууцны хотхон”, “Баянхошуу”, “Сэлбэ” дэд төв байгуулах, цаашлаад Дамбадаржаа, Дэнжийн мянга зэрэг байршилд дэд төв байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж буйгаа мэдэгдэв. Түүнчлэн иргэдэд ипотекийн зээлийг хүртээмжийг нэмэгдүүлж, Засгийн газар өөрийн эх үүсвэрээр санхүүжүлэн 120.0 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180.0 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөж байгааг хэллээ.

Утааны асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр өнгөрөгч оны төгсгөлд Агаарын бохирдолтой холбогдуулан “Онц байдал” зарлах санал гаргаж, УИХ-д хүргүүлсэн юм. Тэгвэл үүнд өнгөрөгч долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хариу өгөв. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг “Утаа гамшиг болсон уу гэвэл болсон. Гэхдээ хуульд Онц байдал тогтоох заалтыг тусгайлан заасан. Тиймээс утаа урт хугацаанд арилгана уу гэхээс онц байдал тогтоох боломжгүй" гэсэн бол ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Гэнэтийн болон байгалийн гамшигт үзэгдлийн үед онц байдал тогтоохоор хуульчилсан. Утаа нь олон жилийн явцтай тул Засгийн газар онц байдал зарлах боломжгүй” гэсэн тайлбар хэлсэн юм. Өөрөөр хэлбэл утааг бууруулах үйл явц удаан хугацаанд үргэлжлэх учир Онц байдал тогтоох боломжгүй гэж үзэж буй аж.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцох үеэрээ утааны асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол УИХ тарах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв. Тэрбээр “Утаа бол Монгол оронд, бидэнд тулгараад байгаа гай, гамшиг. Үүнээс өөр гай, гамшиг бидэнд байхгүй. Үүнийгээ л шийдэх хэрэгтэй. Энэ асуудлыг шийдэхгүй юм бол Засгийн газраа огцруулж сайд нарыг шинээр томилсны хэрэг гарахгүй. Энэ тал дээр УИХ санаачилгатай ажиллах хэрэгтэй. Хэрвээ утааны асуудлыг шийдэж чадахгүй бол цагаан сар болон цагаан сарын дараа асуудал хүндэрнэ. УИХ-ыг тараах тал дээр санаачилгатай ажиллахаас өөр арга алга" гэв. Үүнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ерөнхийлөгчид УИХ-ыг тараах эрх байхгүй. Гэхдээ агаарын бохирдлоор хариуцлага хүлээе гэвэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-д удаа дараа сонгогдсон гишүүд бүгд огцоръё” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Энэ Ерөнхийлөгч эсвэл УИХ огцрох эсэхдээ бус харин утааны асуудал энэ хэмжээнд хүрч, хариуцлага яригдталаа төрийн анхаарлын төвд очсоныг харуулж байна хэмээн зарим судлаачид дүгнэж байлаа.


Татварын нэмэгдлийг буцаах хуулийн төсөл санаачлахаа сөрөг хүчин мэдэгдлээ

2018 он гарсаар дөрвөн төрлийн татвар нэмэгдэж, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээр”-ийг хэрэгжүүлснээс хойш нийт долоон төрлийн татвар ийн нэмэгдсэн нь иргэдийн дунд багагүй шүүмжлэл дагуулж байгаа. Үүнтэй холбогдуулж сөрөг хүчин буюу УИХ дахь АН-ын бүлэг тооцоо судалгаагүй нэмсэн эдгээр татварын хуулиудаа УИХ-аар оруулж цуцлах шаардлагыг Засгийн газарт өнгөрөгч долоо хоногт хүргүүллээ. Дэлхийн эдийн засаг сэргэж уул уурхайн бүтээгдэхүүний гадаад зах зээлийн эргэлт нэмэгдэж, түүхий эдийн үнэ өсч, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэж байхад Засгийн газар хэд хэдэн төрлийн татвар нэмсэн нь айл өрхүүд ядууралд нэрвэгдэж, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд ирэх дарамт ихэсч гадаадын хөрөнгө оруулалтад саад учрахаар байна гэж тус бүлэг үзэж байгаа юм. Цаашлаад сүүдрийн эдийн засаг бий болж, санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд саарч, нийгмийн дундаж давхарга устаж аюул нүүрлэж байгаа тул татварын нэмэгдлийг буцаан татах, эс бөгөөд өөрсдийн зүгээс хуулийн төсөл санаачлахаа анхааруулав.
Бүлгийн энэхүү мэдэгдлийг АН-ын зүгээс 100 хувь дэмжиж байгааг илэрхийлж тус намын ЕНБД Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар мэдээлэл хийсэн бөгөөд МАН Засгийн эрх бариад 500 гаруй хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын талаар "Манарсан 500 хоног" гэсэн тайлан гаргаснаа ч хэлж байлаа.

Харин УИХ-ын дарга М.Энхболд энэ асуудлаар өгсөн тайлбартаа “ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд татвар нэмж байгаа. Гэхдээ татвар нэмсэн асуудал нь өндөр орлоготой иргэд болон архи, тамхи гэх мэт тансаг хэрэглээнд хамаарч байгаа юм. Татварын олон шатлалтай болох ажлын хүрээнд авч байгаа арга хэмжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр татвар, тэр дундаа ХАОАТ 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой нийт хүмүүст хамаарах мэтээр тайлбарлаад байна. Өндөр орлоготой иргэд болон тансаг хэрэглээнд тодорхой татвар ногдуулах нь зөв гэсэн үүднээс гаргасан” гэж байв.
Түүнчлэн Засгийн газраас зөвхөн татвар нэмсэн шийдвэр гаргаагүй бөгөөд хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, хууль тогтоомжийг олон улсынхтай нийцүүлэх зорилгоор татварын хоёр дахь шатны шинэчлэлийг хийхээр ажиллаж байгаагаа Сангийн сайд мэдэгдэв. Тодруулбал жижиг, дунд бизнесийг дэмжихдээ 50 сая хүртэлх орлогоос 1 хувийн татвар авахаар болж, ААН-ийн 25 хувийн орлогын албан татварын 3 тэрбум төгрөгийн босгыг 6 тэрбум төгрөгт хүргэсэн. Улмаар татвар төлөгчийн хүсэлтээр татвар төлөх хугацааг хоёр сар хүртэл сунгах боломжтой байсныг ямар нэгэн торгуульгүйгээр нэг жил хүртэл болгосон аж.

******

Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлоход ийм байна. Харин ирэх долоо хоногт Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг төр, засгийн түвшинд дахин хэлэлцэхээс гадна Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг явуулж, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийг хэлэлцэж батлах төлөвтэй байна.
Н.Гантуяа
Холбоотой мэдээ