Умард Солонгост нефть нууцаар нийлүүлсэн гэх шалтгаанаар дахин нэг хөлөг онгоцыг саатуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-31 23:39:08
СӨҮЛ. /Ёнхап/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчин далай тэнгисээр дамжуулан Умард Солонгост нефть худалдсан гэх хэргээр Панамын далбаатай нэгэн хөлөг онгоцыг Өмнөд Солонгосын холбогдох албаны хүмүүс саатуулаад байгаа тухай “Ёнхап” агентлаг өнөөдөр мэдээллээ.

5100 тонн жинтэй “КОТИ” хэмээх Панамын далбаатай хөлөг онгоцыг Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Пёнтэк хотоос холгүй орших боомтод саатуулаад байгаа аж. Энэ нь Умард Солонгост нууцаар нефть нийлүүлж байгаад Өмнөд Солонгосын холбогдох албаны хүмүүст баригдсан хоёр дахь хөлөг онгоц юм. Энэ хөлөг онгоцыг яг хэзээ саатуулснаа тодорхой мэдэгдээгүй байна.

Өнгөрсөн 10 дугаар сарын дундуур Умард Солонгосын нэгэн хөлөг онгоцонд 600 тонн нефть шилжүүлэн өгсөн гэх шалтгаанаар Хонконгийн далбаатай “Lighthouse Winmore” хэмээх нэртэй хөлөг онгоцыг саатуулснаа Өмнөд Солонгосын Засгийн газар өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт зарласан билээ.

Дээрх хоёр хөлөг онгоцны багийн гишүүдийн олонх нь Хятадын иргэн гэнэ.

Хятад улс Умард Солонгост нууцаар нефть өгч байгаад “үйлдэл дээрээ баригдсан” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэний дараа Сөүлийн тал дээрх хөлөг онгоцуудыг саатуулснаа нийтэд дэлгэлээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ