Сирид амь үрэгдэгсдийн гуравны нэг нь энгийн номхон иргэд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-29 10:52:47
ДАМАСК. /АП/. Энэ онд Сирид 33 мянган хүн  амь үрэгдсэн бөгөөд тэдний гуравны нэг нь энгийн номхон иргэд байсан гэж “Сири дэх хүний эрхийн байдлыг ажиглагч” ТББ мэдэгдэв.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, тус ТББ нь Сирид дайн байлдааны явцад амиа алдсан хүмүүсийн талаарх мэдээллийг өчигдөр гаргасан байна.

Амь үрэгдсэн 10500  орчим энгийн номхон иргэний 1800 гаруй нь “Лалын улс” бүлэглэлийнхний гарт, 5500 гаруй нь Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын хүчнийхэн, Оросын цэргүүд болон бусад талын довтолгооны үеэр амиа алджээ.

Харин АНУ тэргүүтэй олон улсын эвслийн хүчнийхэн агаараас цохилт өгөх үеэр 2400 гаруй иргэн амь үрэгдсэн гэнэ.

Сирид 2011 онд иргэний дайн дэгдсэнээс хойш амь үрэгдэгсдийн тоо 340 мянгаас даваад байна.

“Сири улсын байдал өнөө хэр нь хүнд хэцүү байна. Засгийн газрын цэргүүд бүслээд байгаа учир олон хот суурин газрын оршин суугчид хүнсний бүтээгдэхүүн, эм тарианд залгаж чадахгүй байна” гэж тус ТББ мэдэгдээд, Сирийн асуудлыг шийдвэрлэхэд илүү их хүчин чармайлт гаргахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ