Кабулд амиа золиослогч этгээд 40 хүний аминд хүрэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-29 09:36:58
КАБУЛ. /Ройтерс/. Афганистаны нийслэл Кабул хотод амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 40 хүн амь үрэгдэж, 30 хүн шархаджээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, пүрэв гарагт буюу өчигдөр Кабул хотын баруун хэсэгт орших соёлын төвд нэгэн этгээд амиа золиослон дэлбэрэлт үйлдсэн байна. Үүний дараа мөн хоёр удаа дэлбэрэлт болсон гэнэ.

Тус улсын ДХЯ-ны мэдэгдсэнээр, хуучин ЗХУ-ын цэргүүд 1979 онд Афганистан руу дайран орж байсан талаарх нэгэн арга хэмжээнд 100 гаруй хүн оролцож байхад энэ халдлага болсон аж.

Уг арга хэмжээнд оролцогчдын олонх нь тус соёлын төв орчимд амьдардаг бөгөөд лалын шашны шийт урсгалыг шүтэгчид байжээ.

Энэ халдлагын хариуцлагыг лалын шашны суннит урсгалыг шүтдэг босогчдын “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээжээ.

Гурван жилийн өмнөөс олон улсын эвслийн хүчнийхэн Афганистанаас гарч эхэлсэнтэй холбоотойгоор тус улсын аюулгүй байдал эрс дордсоор байгаа юм. “Талибан” бүлэглэл болон “Лалын улс”-тай холбоотой бусад бүлэглэлийнхэн тус улсад террорист халдлага үйлдсээр байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ