М.Энхболд: УИХ энэ онд Үндсэн хуульд заасан эрхээ амжилттай хэрэгжүүлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-28 15:02:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы энэ оны отгон хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдааныг хааж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр, "Байгууллага бүр тухайн жилд хийсэн ажлаа дүгнэж, ирэх оныхоо зорилт, хийх ажлыг төлөвлөж байгаа энэ цаг үед 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын үйл ажиллагааг товч дүгнэх нь зүйтэй юм. Шинэ парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд нэг жил 5 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийт 525 хууль баталснаас бие даасан хууль 56-г баталсан байна. Мөн УИХ-ын 162 тогтоол баталжээ. Өмнөх УИХ-тай харьцуулахад 1 жил 5 сарын хугацаанд баталсан хуулийн тоогоор 93.7 хувиар илүү, үүнээс бие даасан хуулийн тоо 19-өөр буюу 53.5 хувиар, баталсан тогтоол 20-иор буюу 14.1 хувь өндөр байна. Энэ бол зүгээр нэг тоон үзүүлэлт биш, УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй, ачаалал өндөртэй явж ирснийг харуулж байгаа юм.

Түүнчлэн өмнөх парламент хуулийн хугацаанд хэлэлцэн батлаагүй байсан төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн гүйцэтгэл болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг нөхөн баталж, улсын төсөв, төрийн мөнгөний бодлого, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг хууль, бодлогын баримт бичгийг хуулийн хугацаанд баталж ирлээ. УИХ-аас баталсан хууль, бодлогын шийдвэрүүд зохих үр дүнгээ өгч байгаа нэгээхэн жишээ бол эдийн засгийн өсөлт оны эхний 3 дугаар улирлын байдлаар 5.8 хувьд хүрсэн явдал юм" хэмээн онцлов.

Тэрбээр цааш хэлэхдээ, "Ерөнхий сайд, Засгийн газар болон УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагад хандан УИХ-ын 17 гишүүнээс 18 асуулга тавьж, 13 гишүүний 11 асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанаар сонссон. Мөн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын 8 удаагийн мэдээллийг сонсож, улс орны эдийн засаг, нийгмийн төлөв байдал болон олон нийтийн анхаарал татсан тулгамдсан бусад асуудлын талаар хэлэлцсэн. Нэгтгэн дүгнэвэл УИХ Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ амжилттай хэрэгжүүлсэн дүнтэйгээр 2018 онтой золгож байна" гээд шинэ онд амжилтаа улам бататгаж, намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа бүрэн хэлэлцэх, олон түмнээс гарч байгаа бодит шүүмжлэлийг хүлээн авч нэгдсэн болон чуулганы хуралдааны ирцийг сайжруулах асуудалд гишүүд, байнгын хороодын дарга нар илүү анхаарал тавьж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Б.Туул
Холбоотой мэдээ