Бөртэ чонын эзэн Сүхбаатар аймгаас гурав дахиа тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-12-25 15:03:24
Сүхбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно”-ын эзэн Сүхбаатар аймгаас гурав дахиа тодорлоо. Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч багш, хүндийг өргөлтийн олон улсын шүүгч Л.Одгэрэл 2017 оны Монгол Улсын шилдгийн шилдэг шүүгчээр шалгарсан юм. Тэрээр 2017 онд тив дэлхийн найман тэмцээний шүүгчээр ажиллажээ.

Түүний хувьд Монгол Улс төдийгүй орон нутгаас тус шагналыг хүртэж буй анхны эмэгтэй шүүгч юм. Тэрээр хэлэхдээ “Олон холбоодын шүүгч өрсөлдсөнөөс санал илүүгээр гарч энэ шагналын эзэн болсондоо баяртай байна. Эмэгтэй шүүгч анх удаа Бөртэ чонын эзэн болсон гэдгээрээ их онцлогтой. Энэ онд гурван дэлхийн аварга, Ази тивийн аварга болон цомын тэмцээн, оюутнуудын универсиад наадам гээд нийт найман тэмцээнд шүүгчээр сонгогдсон ажиллаа. Мөн саяхан АНУ-д болсон тэмцээний үеэр болсон олон улсын хүндийг өргөлтийн холбооны сонгуулиар олон улсын холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлийн таван гишүүний нэгээр сонгогдсон. Энэ нь бас л манай улсын хувьд анхдагч үйл явдал болсон. Ер нь улиран одож буй 2017 он иний хувьд үнэхээрийн адтай, одтой сайхан жил байлаа. Мэдээж ирж буй шинэ жилдээ амжилтаа бататгах, шавь нарынхаа амжилтыг ахиулахын төлөө хичээх болно.” гэв.

Үндэсний олимпийн хорооны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл 2008 онд, дугуйн спортын тамирчин Б.Тэгшжаргал 2012 онд тус тус “Бөртэ чоно” шагналыг хүртэж байсан юм.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ