Мах боловсруулах үйлдвэр зээл авч ажлаа эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-11 13:42:20
Өвөрхангай /МОНЦАМЭ/. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол Ливэй Индастри” ХХК, орон нутгийн өмчит “Өв-Эко мийт” ХХК-ийн хувь нийлүүлсэн Мах боловсруулах үйлдвэр ашиглалтад ороод 10-аад хонож байна. Үйлдвэрийн 51 хувийг БНХАУ-ын “Монгол Ливэй Индастри” ХХК, 49 хувийг “Өв-Эко мийт” ХХК эзэмших бөгөөд Баянтээг ХК-иас нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр авч үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Ингэснээр мах, махан бүтээгдэхүүнийг боловсруулж, дотоод, гадаадын зах зээлд гаргах, орон нутгийнхаа эдийн засгийг чадавхжуулах боломж Өвөрхангай аймагт нээгдэж байгаа юм. Мах боловсруулах үйлдвэр нь нь нэг ээлжинд өдөрт 1000 толгой бог, 200 толгой бод мал төхөөрөх хүчин чадалтай ба АНУ-ын “Жарвис” брэндийн мах шулах, сэврээх, гүн хөлдөөх, 18-20 градуст хадгалах зориулалтын төхөөрөмжийг суурилуулж, 1000 тн мах хадгалах агуулахыг барьжээ. Үйлдвэрийн үйл ажиллагаа жигдрэх үед 50-60 хүнийг ажлын байраар хангах аж.
 
Б.Батчимэг
Холбоотой мэдээ