Мал тооллогын үеэр өвөлжөөнүүдийг гэрчилгээжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-11 00:13:02
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ удаагийн мал, тэжээвэр амьтны тооллоготой хамтатган малчдын өвөлжөөний байршлыг тодорхойлж, зөрчилгүй өвөлжөөнүүдийг гэрчилгээжүүлэх, мөн бэлчээр ашиглалтын хэсэг байгуулах ажиллагаа явагдаж байна.
“Статистикийн тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2003 оны 224 тоот тогтоолд заасны дагуу энэ жилийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны жилийн эцсийн тооллого орон даяар эхлээд явж байна. Энэхүү улс даяар өрнөж байгаа ажилд оролцож буй тоологч нь малыг нүдээрээ харж үзэн тоолох бөгөөд малын карт маягтыг тухайн өрхийн тэргүүлэгч болон мэдээлэл өгч чадахуйц өрхийн гишүүнээр бүрэн гүйцэд нөхүүлэн авч баталгаажуулж, тухайн хүнээр гарын үсэг зуруулж авах ажээ. Түүнчлэн тухайн өрхийн малыг тоолсныг баталгаажуулан өрхөд цоохорыг үлдээх /малын төрөл бүрээр, нийт дүнгээр/ гэнэ. Тооллогын явцад малыг амаар бүртгэдэг, тавиул малыг тооллогод бүрэн хамруулдаггүй, малчид, мал бүхий иргэд малаа тооллогын өдрүүдэд бэлэн байлгадаггүй, хяналтын тооллого чанар муутай хийгддэг гэх асуудал өмнөх жилүүдэд гарч байсан байна. Мөн тооллогын комисс үүрэгт ажлаа чанартай сайн гүйцэтгэдэггүй, аж ахуйн нэгж, байгууллагын малыг бүрэн тоолдоггүй, тоолсон малыг программд шивэхгүй орхигдуулдаг зөрчил ч тасардаггүй байсан аж. Иймээс энэ жилийн тооллогоор дээрх зүйлүүлийг гаргахгүйн тулд нөхцөл байдалтай уялдан сумдын тооллогын комиссын болон иргэд гарч буй зөрчил, дутагдлыг газар дээр нь залруулж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг тооллогын комиссынхонд анхаарууллаа.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн мал тооллого Сэлэнгэ аймгийн хэмжээнд 12-р сарын 07-ны өдөр эхэлсэн бөгөөд нийт 163 чиглэлд 512 хүн оролцож байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ