Төвбанкны шийдвэр гаргах чадамжийг нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-28 17:06:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнөөдөр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар танилцуулга, ярилцлага хийлээ. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьж, ажлын хэсэгт Монголбанк, арилжааны банкууд, УИХ-ын гишүүд багтжээ.

2010 оноос хойш Банкны тухай хуульд өөрчлөлт оруулаагүй бөгөөд цаг үе, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа учраас ийнхүү хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон байна. Банкны системд нийт 27 их наяд төгрөгийн хөрөнгө эргэлдэж байгаа бөгөөд 3,3 их наяд төгрөг буюу 12 хувь нь эздийн хөрөнгө, 24 их наяд төгрөг буюу 88 хувь нь олон нийтийн хуримтлал байдаг. Тиймээс Банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, олон нийтийн хуримтлалын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс Монголбанк шийдвэр гаргадаг учир Төвбанкны шийдвэр гаргах чадамж, боломжийг илүү хүчтэй болгох өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгаад байгааг хууль санаачлагчид онцолсон юм. Мөн арилжааны банкуудын эзэд, хөрөнгө оруулагч, банкеруудад тавих эдийн засаг болон нийгмийн шаардлагыг өндөржүүлсэн байна.

Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийт 50 гаруй өөрчлөлт хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ найруулгын чанартай болон зарим ойлголтын зөрүүд илүү их тодруулахаар өөрчлөлтүүдийг оруулж иржээ. Хууль санаачлах явцад арилжааны банк болон бусад байгууллагуудаас санал авч, нэгтгэсэн байна. Тухайлбал, арилжааны банкуудын зүгээс хуульд орж буй нэмэлт өөрчлөлтүүдийг хэлэлцэх үеэр зарчмын зөрүүтэй санал хэлээгүй юм.

Банкны тухай хуулийг дагаж Зөрчлийн тухай хууль, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Төвбанкны тухай хууль, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт орох бөгөөд “Төвбанкнаас зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно” гэсэн заалт нэмжээ.
Дашрамд дурдахад, уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн долоо хоногт УИХ чуулганаар хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Уг завсарлага энэ долоо хоногт дуусч хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм. 
Н.Туяа


 
Холбоотой мэдээ