Шилдэг төрийн албан хаагчдаа урамшуулж байхаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-11-26 18:15:41
Дундговь/МОНЦАМЭ/.Ажиллаж амьдарч буй аймаг, орон нутгийнхаа хөгжилд бүтээлч санаачлага, хичээнгүй хөдөлмөрөөр хувь нэмэр оруулж, олон нийтэд хүргэх төрийн үйлчилгээг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэхэд ажлын арга туршлага бий болгон тогтвор суурьшилтай ажиллаж байгаа төрийн албан хаагчдаа урамшуулдаг байхаар болов. Шилдэг төрийн албан хаагч шалгаруулах журмыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталжээ.
Жил бүр 21 хүртэлх төрийн албан хаагчийг шилдэгээр шалгаруулна. Ажиллаж буй салбарынхаа шилдэг ажилтны шалгуур, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ сүүлийн таван жилд 90-ээс дээш хувьтай хангасан, тухайн жилд ажлын шилдэг арга барил, санаачлагаар бүтээсэн ажил нь аймгийн эдийн засаг, нийгмийн салбарт үр дүн өгсөн, бусад төрийн албан хаагчдад үлгэр жишээ үзүүлж, төрийн албан хаагчийн ёсзүйн хэм хэмжээг сахин, олон нийтийн сэтгэл ханамжийн үнэлгээг 90-ээс доошгүй хувьтай авсан байх зэрэг хэд хэдэн шалгуурыг журамд тусгажээ. Түүнчлэн төр, төрийн бус байгууллага, иргэд олон нийт, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж үр дүнд хүрсэн байхыг харгалзах юм байна.
Шилдэг төрийн албан хаагчдыг боловсрол, соёл, урлаг, эрүүл мэнд, санхүү эдийн засаг, хөдөө аж ахуй, байгаль орчин,төрийн захиргаа, хууль эрхзүйн салбар тус бүрт  шалгаруулж байхаар болов.

T. Отгонтуяа
 
Холбоотой мэдээ