Есдүгээр байрны 20 гаруй айлыг нүүлгэн шилжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-25 09:32:48
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сум гуравдугаар багийн есдүгээр байрны иргэдийг нүүлгэн шилжүүлж байна.
Тухайн байры оршин суугчдын дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын албаныхан очиж үзлэг хийхэд дээврээсээ эхлэн цөмөрч иргэдийн аюулгүй байдлыг хангахгүй болсон байжээ. Тиймээс  аймгийн онцгой коммисын хурлын шийдвэрийг  үндэслэн оршин суугчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.
Тус орон сууцанд нийт 23 айл өрх оршин суудаг бөгөөд одоогоор дөрвөн өрх очих гэр оронгүйн улмаас нүүгээгүй үлдээд байгаа аж. 
Өмнөговь аймгийн Онцгой байдлын комиссын үзлэгийн дүгнэлтээс үзэхэд уг барилгын даацын тоосгон хана хагарч, даацын хийцүүд тогтвортой байдлаа хангахгүй, үндсэн хийцүүд газар хөдлөлтөд тэсвэрлэх чадваргүй,  эвдрэл гэмтэлд орж нурах нөхцөл бүрдсэн байгаа нь гамшиг осол үүсэх нөхцөл бүрджээ.
Энэ байр нь 1965 онд анх эмнэлгийн зориулалтаар барьж ашиглалтанд орсноос хойш 52 жил болж байгаа юм. 
Даланзадгад сумын ЗДТГ-аас эндхийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд бензин шатахуун унаа тэргээр үйлчилж, мөн гэр орон байр болон түрээсийн байр олоход нь зуучлан ажиллаж байна. Хэдийгээр эдгээр өрхүүд өвлийн хүйтэнд  гэр оронгүй болсон ч гэлээ  уг байр нь дахин төлөвлөлтөд орсон тул жилийн дараа шинэ байранд орох юм.  
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ