Шилэн дансны хуулийн хэрэгжилт өмнөх оныхоос 4.1 хувиар ахижээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-21 17:10:52
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Төрийн аудитын газар Үндэсний Аудитын газрын нэгдсэн удирдамжаар  “Шилэн дансны  хуулийн хэрэгжилт”-ийн байдалд  нийцлийн аудитыг  хийж дуусчээ.  Аудитийн тухай хуулинд заасан шилэн дансанд бүртгэлтэй аймгийн 207 байгууллагын 99.5 хувь нь хамрагдсан байна. Шилэн дансны хуулийн хэрэгжилт 91.6 хувь буюу өмнөх онтой харьцуулахад 4.1 хувиар ахисан дүнтэй гарчээ.

Гэхдээ зарим сумдын төсөвт байгууллагууд мэдээллийг хугацаанд нь байршуулдаггүй, хугацаа хоцроосон, сайтад мэдээллийг байршуулах талаар мэдлэг дутмаг, зөвхөн байгууллагын сайтад мэдээллээ байршуулдаг зэрэг зөрчлүүд илэрчээ. Мөн мэдээллээ байршуулсан боловч өөрийн цэсэндээ мэдээллээ байршуулаагүй өөр цэсэнд байршуулсан байжээ. Энэ нь хэрэглэгчдэд хүндрэл учруулахаар байна гэж Аудитаас дүгнэсэн байна. 

Тухайлбал, аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн шилэн дансны цахим системд цэс нь байсаар байхад зарим мэдээллийг байршуулалгүй төсөв, өмч, худалдан авалттай холбоотой мэдээллүүд зөвхөн орон нутгийн өмчийн газар болон аймгийн ЗДТГ-ийн цахим хуудсанд мэдээлэгдсэн зэрэг байлаа. Энэ удаагийн аудитаар илэрсэн өөр нэг зөрчил нь шилэн дансны зарим ерөнхий мэдээлэл шинэчлэгдээгүй байжээ.

Аудитаар дээрх асуудлуудтай холбоотой хуулийн хэрэгжилтийг хангуулж, сайтыг шинэчлэн сайжруулах, зарим мэдээллийг нөхөж байршуулах цаашид сайтад тавигдсан мэдээлэл хэрэглэгчдэд ил тод, нээлттэй, ойлгомжтой, цаг хугацаандаа байхад анхаарч ажиллах талаар зөвлөмжийг аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүллээ. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ