Өвс, тэжээлийн үнэ ханшийг тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-11-19 13:05:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комисс 2018 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтийн асуудлыг хэлэлцжээ. Өвөлжилт хүндэрч болзошгүй төлөвтэй учир бэлтгэл бэлэн байдлыг хангаж 15.000 боодол өвс, 100 орчим тонн тэжээлийг аймгийн байнгын нөөцөд бэлэн байлгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Засгийн газрын нөөц хөрөнгөөс энэ жил Баянхонгор аймагт 414 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн байна. Энэ хүрээнд Баянхонгор аймаг 260 сая төгрөгт өвс тэжээл бэлтгээд байгаа ба 100 гаруй саяыг болзошгүй нөөцөд үлдээгээд буй. Нийт 30 мянган боодол буюу 600 тонн  шинэ өвс, 70 орчим тонн  тэжээл бүрдүүлжээ.

Онцгой комиссын гишүүд хэлэлцээд өвс тэжээлийн үнэ ханшийг тус бүр  тогтоосон бөгөөд шинэ өвс аймгийн төвд 9500 төгрөг, хөдөө сумдад 10.600 төгрөг,  тэжээл 12.500 төгрөг байхаар тус тус шийдвэрлэв. Мөн өвс тэжээлийг малчдад ойртуулах үүднээс Заг, Бууцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумдад өвс тэжээлээс тодорхой хувийг хүргүүлэн, борлуулах цэгүүд ажиллуулахаар тогтсон. Түүнээс гадна аймгийн онцгой комиссоос сум бүрт таван сая төгрөгийн өртөг бүхий 500 боодол өвс хүргэх арга хэмжээг ойрын хугацаанд зохион байгуулахаар боллоо. 

Баянхонгор аймагт энэ жил таван сая орчим мал өвөлжиж, хаваржина.                                                                                                                                               Б.Мөнхзул 

Холбоотой мэдээ