НӨАТ-ын баримт олгодоггүй худалдааны төвүүдийг торгох үүрэг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-14 20:31:36
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт аймгийн МШУТ-ийн 70321111 утсаар 52 иргэн холбогдсоноос 33 иргэн төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, лавлагаа авсан бол 19 иргэн гомдлын шинж чанартай асуудал тавьжээ.
Замын халтиргаа гулгаа, хог тээвэрлэлт, золбин нохойтой холбоотой гомдол, санал удаа дараа ирж байгаа бөгөөд “Арвайхээр ТҮК”-ийн дарга Д.Сүх-Өлзий энэ жил 10 тонн давс нөөцөлсөн, өнгөрсөн долоо хоногийн цаснаар нэг тонн давс цацаж цасыг хайлуулсан, хогийг цаг хугацаанд нь тээвэрлэж байгаа гэх хариултыг өгчээ. Мөн Арвайхээр суманд баригдаж байгаа 10 дугаар цэцэрлэгийг хэзээ ашиглалтад орох талаар иргэдийн асуултад тус цэцэрлэгийн эрхлэгч н.Ганчимэг “Барилгын дотор засал хийгдэж байгаа. 11 сардаа багтаж ашиглалтад орно” гэжээ.
70321111 утсаар тасралтгүй ирдэг гомдлуудын нэг нь НӨАТ-ын баримттай холбоотой асуудал бөгөөд төв захын томоохон худалдааны төвүүд баримт олгодоггүй гэх гомдлын мөрөөр Татварын хэлтсийн байцаагчид ажиллан дээрх зөрчлийг байнга гаргадаг Ууган, Марко, Арвин зэрэг төвүүдэд 50-500 мянган төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Цаашид Хангамж худалдааны төвийн 200 гаруй түрээслэгчдийг НӨАТ-ын баримт олгодог болгохын тулд дундын принтер авах шаардлагатай байгаа, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар судалж байна хэмээн Татварын хэлтсийн дарга Н.Эрдэнэсувд хариулт өгсөн юм. Иргэдээс ирүүлж байгаа уг гомдолтой холбоотойгоор аймгийн Засаг дарга үүрэг өгч, “НӨАТ-ын баримт олгодоггүй томоохон худалдааны төвүүдийг хууль биелүүлэх хүртэл нь торго” гэлээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ