Авлигатай тэмцэх газрын шалгалтаар зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-09 12:32:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд  Баян-Өлгий аймгийн Өлгий хот болон Сагсай, Бугат сум, Цагааннуур тосгонд ажилласан юм.

Ажлын хэсгийн шалгалтаар Бугат, Баяннуур, Алтай, Буянт, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Өлгий сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд сумын ИТХ-ын төлөөлөгчид томилогдсон нь тогтоогдсон байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 15.1.8 дахь заалтад «аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэхийг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглоно» гэж заасныг зөрчсөн үйлдэл ажээ.

Түүнчлэн аймгийн хэмжээнд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаарх мэдэгдэл, тайлбарыг гаргадаггүй зөрчил илэрчээ. Жишээлбэл, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчаар ажилладаг гурван албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанаас хожимдуулж өгсөн, нэг албан хаагч огт өгөөгүй байсан зөрчлийг газар дээр нь арилгуулж, сахилгын шийтгэл ногдуулжээ.

Дээрх зөрчлүүдтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын зүгээс аймгийн удирдлага болон холбогдох албан тушаалтнуудад зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгсөн байна. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ