Сайншанд хотод “Мандах наран” шинэ эмнэлэг сүндэрлэлээ

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 15:17:45

Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Сайншанд хотод “Мандах наран” нэртэй шинэ эмнэлэг сүндэрлэн бослоо.

Энэхүү эмнэлгийг тус аймгийн Алтанширээ  сумын уугуул “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн ерөнхий захирал Б.Дэлгэрсайхан таван тэрбум орчим төгрөгийн хөрөнгөөр нутгийнхаа ард иргэдийн эрүүл мэнд, сайн сайхан амьдралын төлөө зургаан сарын дотор барьсан бөгөөд эмнэлгийг АШУҮИС-ийн харьяа Дорноговь аймаг дахь салбар сургуулийн түшиц болгон ашиглах юм байна. Эмнэлгийн нэгдүгээр давхарт амбулаторийн үзлэг оношилгоо, лаборатори, дотор, мэдрэл, мэс засал, хүүхэд, чанд, чих авианы оношилгоо, эхо зэрэг ахмад эмч нарын эмнэлэг үйл ажиллагаа явуулах бол хоёр, гуравдугаар давхарт АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн “Түшиц эмнэлэг” ажиллана.

Эмнэлгийн үйл ажиллагаа,  ашиглалт хамгаалалтын асуудлаар талууд харилцан урт хугацааны гэрээ байгуулж ажиллахаар болжээ. Шинэ эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Б.Дэлгэрсайхан, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь  салбар сургуулийн захирал Ц.Цабшир, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга У.Отгонбаяр Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Нямгэрэл  болон эмч, оюутнууд, ард иргэдийн төлөөлөл оролцов.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ