Олон улсын Монгол судлалын холбоо 30 нас хүрэв

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-10-26 13:41:35
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол судлалыг дэлхийн тавцанд гаргахын төлөө эрдэмтэн судлаачдыг дэмжин ажиллах болно хэмээн мэдэгдлээ.
Олон улсын Монгол судлалын холбооны 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох үедээ Ерөнхийлөгч дээрх үгийг хэлсэн юм. 30 гаруй жил дуншиж байж мэндэлсэн Олон улсын Монгол судлалын холбоо хэмээх 30 настай  байгууллагыг өдгөө Унгарын монголч эрдэмтэн, хатагтай Агнеш Бирталан тэргүүлэн ажиллаж байна. Өчигдөр орой Их тэнгэр цогцолборт болсон тус холбооны 30 жилийн ойн арга хэмжээнд Монгол, Орос, Хятад, Солонгос, Унгарын 100 орчим эрдэмтэд оролцлоо. Мөн Монгол Улсын БСШУСЯ, ШУА, их дээд сургуулийн удирдлагууд баярын илгээлт ирүүлжээ. Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор профессор С. Чулуун, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн судлаач, академич Ж.Болдбаатар, Ардын багш, шинжлэх ухааны доктор Ш.Чоймаа нар “Олон улсын Монгол судлалын холбооны 30 жилийн түүх ба ирээдүй”, “Олон улсын Монгол судлалын холбоо ба түүх судлалын үүрэг, байр суурь”, “Олон улсын Монгол судлалын холбоо ба монгол хэл шинжлэл” сэдэвт илтгэлүүд тавилаа.
Дашрамд тэмдэглэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2016 онд Олон улсын Монгол судлалын холбооны Дэд ерөнхийлөгчөөр томилогдсон юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд