Туркменистаны ерөнхийлөгч Путинд хоточ нохойн гөлөг бэлэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-12 11:10:54
СОЧИ. /РИА Новости/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины төрсөн өдөр 10 дугаар сарын 7-нд болсон билээ. Энэ сарын 11-нд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Сочид очсон Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов Оросын төрийн тэргүүнд төрсөн өдрийн баяр хүргэж, "Үнэнч" нэртэй хоточ нохойн гөлөг бэлэглэжээ. 

Ерөнхийлөгч Владимир Путин нохойд дуртай нэгэн учраас гадаад улс орнуудын удирдагчид түүнд нохой бэлэглэх нь цөөнгүй. 2010 онд Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд "Баффи" нэртэй болгар овчарк бэлэглэж байжээ. Харин 2012 онд Японы Акита мужийн захирагч Оросын зүгээс Японд болсон газар хөдлөлт, цунамийн хор уршгийг арилгахад тусламж үзүүлсэнд талархал болгон Путинд "Юмэ" буюу "Мөрөөдөл" нэртэй акита-ину үүлдрийн нохойг бэлэглэж байжээ.  
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ