ОНХС-ийн хөрөнгөөр 2018 онд хийх ажлын талаар иргэд саналаа өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-10-11 16:15:42
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлт, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, Иргэний танхимын дарга Д.Гантулга, аймгийн Ерөнхий эдийн засагч Б.Батсүх зэрэг албаны төлөөлөл, Дархан сумын багуудын төлөөллүүд гээд 80 гаруй иргэн оролцсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр аймгийн Ерөнхий эдийн засагч Б.Батсүх 2017 оны төсвийн  хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн тайланг  иргэдэд танилцуулав. Тухайлбал Дархан-Уул аймагт 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 11.1  тэрбум төгрөг,  орон нутагт улсын төсвөөс эрх шилжиж ирсэн 420.0 сая төгрөг,  Орон нутгийн хөгжлийн сангийн 1.5 тэрбум төгрөг, орон нутгийн төсөв болон замын сангийн 5.4 тэрбум төгрөг, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаас 0.5 тэрбум төгрөг гээд нийт 18.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 126 орчим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа тухай мэдээллийг тэрээр өглөө.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн зүгээс Ахмадын хуулийн дагуу “Ахмадын өргөө” барих, явган хүний зам талбай, Ховдын хороолол хүртэлх авто замын засвар, Дархан сумын 15 дугаар багийн 9 дүгээр хэсгийн авто зам, худаг, багийн төв, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх байр  барих, гэр хороололд хогийн сав байрлуулах, гэр хорооллын замыг засварлах, үерийн даланг засварлах, шинэчлэх, өндрийн гэрэлтүүлэг, мах сүү хүлээж авах хүргэлтийн цэг, лаборатори, эрчимжсэн мал аж ахуйн бүс байгуулах мал нядлах бичил цех, Хөтөл хорооллын зам засварлах 1,6 км засмал зам, Бүс нутгийг ойжуулах, орон сууцны байрнуудын гадна фасад, дээвэр засвар, Хүслийн хотхоноос Хабитат хүртэлх сайжруулсан шороон замын засвар хийх зэрэг давхардсан тоогоор нийт 96 санал гарав.
Улмаар сум, багт иргэдээс санал авах ажил үргэлжлэн хийж, иргэдээс хамгийн олон санал гаргасан ажлуудыг эрэмбэлэн 2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсвийн төслийг боловсруулах юм.
 Л.Отгонбаатар
 
Холбоотой мэдээ