“Ярьдаг мод” хүүхдийн жүжгийг 20-ныг хүртэл тоглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-19 13:19:36
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ХДТ-ын тайзнаа “Ярьдаг мод” хүүхдийн дуулалт жүжгийг энэ сарын 20-ныг хүртэл тоглоно. Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан дээрх жүжгийг энэ сарын туршид өдөр бүр тайзнаа тоглох болсноор хүүхдүүд ч олноороо сонирхон үзэж байна.
“Ярьдаг мод” жүжгийг тус театрын залуу уран бүтээлч Б.Мөнх-Амьдрал зохиолыг нь бичиж найруулжээ. Хүүхэд багачуудад байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж, зүй зохистой харьцах ёстойг ухааруулж ойлгуулахаас гадна урлаг гоо зүйн боловсрол олгоход чиглэсэн бүтээл гэж тэрээр ярьсан юм. Тэр тусмаа хүүхэд багачуудын нас, сэтгэхүйн онцлогт тохируулан хөгжимт дуулалт хэлбэрээр тавьсан нь онцлог аж.
Хүүхдийн жүжгийн тайзны ерөнхий зураачаар МУСТА Б.Доржгочоо, хөгжмийн зохиолчоор МУСТА Ө.Ариунбаатар, уран сайхны удирдаачаар МУГЖ Б.Ганзориг гээд жүжгийн багт нийтдээ 70 гаруй хүн ажилласан байна. “Ярьдаг мод” жүжиг нь Дорнод аймгийн ХДТ-ын тайзнаа тавигдаж буй хүүхдийн анхны мюзикль юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ