Улсын чанартай замуудыг нөхөх биш бүрэн шинэчлэх шаардлагатай гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-15 19:36:26
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай-АЗЗА ТӨХК-иас энэ зун улсын төсвийн хөрөнгө оруулалт болох 500 сая төгрөгөөр гурван чиглэлд зам засварын ажлыг хийж дуусгаад байна. А0301 буюу Тарны гүүрээс Арвайхээр хотын Нисэх онгоцны буудал хүртэлх зам, А0302 буюу Нисэх онгоцны буудлын араас Нарийнтээл сумын Арцын голын гүүр хүртэлх зам, А08 буюу Арвайхээр хотоос Хужирт сум хүртэлх хатуу хучилттай авто замд үүссэн нүхэн эвдрэлийг дүүргэх, индүүдэх засвар арчлалтын ажлыг хийжээ.
 
“Батлагдсан төсөв нь төв магистраль замуудын эвдрэлийг бүрэн засахад хүрээгүй. Улсын төсвийн тодотгол хийгдэж, санхүүжилт нэмж тавигдвал намар хүйтрэхээс өмнө нэмэлт ажил хийх боломж бол байгаа” гэж Өвөрхангай-АЗЗА ТӨХК-ийн захирал Д.Лхам-Оролмаа хэллээ.



Арвайхээр хотоос Улаанбаатар чиглэл дэх улсын чанартай А0301 зам нь 1986 онд анх ашиглалтад орсон, түүнээс хойш их засвар хийгдээгүй, ашиглалтын хугацаа нь дууссан, жил бүр батлагдсан төсвийнхөө хүрээнд нөхөөс хийх төдийгөөр засч, энэ нь тэр жилдээ л эвдрээд дуусдаг аж. Бумбатын даваанаас Тарнын гүүр хүртэлх авто замын засварт сүүлийн 4-5 жил санхүүжилт өгөгдөөгүй байна.

“Өнгөрсөн 3 сарын их цаснаар энэ чиглэлийн 8738 метр зам бүрэн эвдэрснийг бид 4 сарын 15-аас гарч, 6 сарын 1 гэхэд бүрэн арчилж зассан. Замын суурь шаварлаг шороог бүгдийг нь ухаж гаргаж, тэр хөрсөндөө тохирсон шороог шинээр хийж, далангийн том индүүгээр хучилт хийсэн. Цаашдаа улсын чанартай замуудад “амь аргацаасан” нөхөөс хийх биш бүрэн шинэчлэх шаардлагатай байна. Үүний тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа юм” гэж Д.Лхам-Оролмаа хэлж байв.

Энэ сарын эхээр орсон усархаг борооны улмаас Нарийнтээл сумын Шаргын голын гүүр сэтэрснийг тус компанийн хамт олон шөнөжин засварлаж, иргэдийг зорчих боломжтой болгосон байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улсын чанартай А0302 замд Хайрхандулаан сум хүртэл нөхөөс хийж, эвдрэлийг зассан боловч санхүүжилт хүрээгүйн улмаас Нарийнтээл сум хүртэлх зам эвдрэлтэй хэвээр байгаа юм.
Арвайхээр хотын 290 жилийн ойн хүрээнд төв доторх 300 орчим м/кв замд Замын сангийн хөрөнгө оруулалтаар нөхөөс хийж, тээврийн хэрэгслээр ая тухтай зорчих боломжийг бүрдүүлжээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ