Дархан аварга Д.Цэрэнтогтохын хүрэл хөшөөг Арвайхээр хотод босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-08 13:44:48
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, үндэсний бөхийн Дархан аварга, чөлөөт бөхийн Ази тивийн аварга Дашдоржийн Цэрэнтогтохын хүрэл хөшөөг Арвайхээр хотноо босголоо.

Улсын наадамд дөрөв түрүүлж, тав шөвгөрсөн далай даян, дархан аварга Д.Цэрэнтогтохын гэгээн дурсгалд зориулан хөшөө барих санаачилгыг Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн С.Чинзориг гаргаж, нутгийн зон олон, түүний гэр бүл үр хүүхэд, ахан дүүсийн дэмжлэгтэйгээр Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул сийлбэрч, уран дархан Намхайдагвын Оргил урлан бүтээж, Арвайхээр хот үүсэн байгуулагдсаны 290 жилийн ойгоор буюу долдугаар сарын 28-ны өдөр нээсэн юм.

Хөшөөг 5.7 метр өндөр суурьтай, хүрлээр хийсэн бөгөөд Д.Цэрэнтогтох аваргын ид залуудаа барилдаж, улсад анх түрүүлж байсан үеийн дүр төрхөөр бүтээснээрээ онцлог ба томдсон малгай, гутал өмссөн дөрвөн жаалыг хүрээлүүлсэн нь “Хүү төрвөл бөх болоорой” гэж ерөөдөг монголчуудын бэлэгдлийг бодож, аймгийнхаа нэрийг дуурсгасан бөх олноор төрөөсэй хэмээн хүсэж хийсэн гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.

Хөшөөний нээлтэд УИХ-ын гишүүд, нутгийн удирдлагууд, улсын нэр цолтой бөх, дасгалжуулагчид, аваргын хань үр хүүхэд, төрөл төрөгсөд, бөхөд хайртай нутгийн ард түмэн гэхчлэн олон хүн оролцсон юм. Энэ үеэр Д.Цэрэнтогтох агсны эхнэр О.Отгон 'Ханийн минь хөдөлмөрийг үнэлж, хөшөөг нь босгосон нутгийн удирдлагууддаа маш их баярлалаа. Нутгийнхаа нийт зон олон, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг болон бусад бүх хүмүүст маш их баярлаж байна. Өвөрхангайчууддаа ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Мөн Өвөрхангай аймгийн начин, хүү Ц.Базаррагчаа 'Аавын ажил үйлсийг мөнхөлсөнд баяртай байна. Нутгийн зон олон, аймгийн Засаг дарга болон УИХ-ын гишүүд гэх зэрэг маш олон хүний хүч хөдөлмөр, дэмжлэгтэйгээр энэхүү хөшөө боссон. Энэ сайхан ажлыг санаачлан ажил хэрэг болгосонд гэр бүл, үр хүүхдүүд нь маш их баяртай байна. Аавын минь үйлсийг залгах олон сайхан бөхчүүд Өвөрхангай аймгаас төрнө гэж бодож байна” хэмээв. 

Түүнчлэн энэ үеэр аймгийн Спортын төв ордныг Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит болгосон бол гэрэлт хөшөөг өөрийнх нь төрж өссөн Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд боржин чулуугаар  босгож, уран яруу барилдаан, харцага шонхрын дэвэлтийг дүрслэн бүтээжээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ