Түүхийн ховор дурсгал дээр элдэв зүйл бичиж гэмтээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-02 10:46:13

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Судлаачид Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс 122 газарт цогцолбор бүхий 177 хүн чулууг олж илрүүлж бүртгэсэн байдаг бөгөөд ихэнх нь энд тэндээсээ хагарч хэлтрэх, байгалийн хүчин зүйлээс элэгдэж мөлийх, хүмүүсийг буруутай үйлдлээс болж гэмтэх зэрэг янз бүрийн хэлбэрээр гэмтэж муудсан байдалтай байгаа ажээ.

Салбарын яамнаас баталсан удирдамжийн дагуу холбогдох байгууллагууд үл хөдлөх түүх, соёлын дурсгалын тооллогыг 4 жил тутамд зохион байгуулдаг ч тэдгээрийг хамгаалах ажил төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг доорх жишээ харуулж байна.

Тухайлбал, тус аймгийн Цэнгэл сумын төвөөс 100 км зайд Их түргэний голын хөндий, Түргэний голын гармын дээд талд байрладаг түрэгийн үеийн хүн чулуун дээр хүмүүс нэр ус, төрсөн  он, сараа бичих зэргээр гэмтээжээ. Энэ талаар уулын спортын олон улсын хэмжээний мастер А.Жанарбек өөрийн фейсбүүк хуудсандаа: "Уг хүн чулуун дээр хүмүүс янз бүрийн юм бичиж гэмтээсэн байна. Хүн чулууд бол бидний өвөг дээдсийн маань буурал түүхийн ул мөр, гэрч юм. Хүмүүс түүх соёлын нандин дурсгалуудад ийм бүдүүлгээр халдаж болохгүй. Зарим иргэдийн энэ мэт ухамсаргүй үйлдэлд харамсаж байна" гэжээ.

Дээрх хүн чулуунд хэн, хэзээ юм бичсэн нь тодорхойгүй бөгөөд холбогдох агентлаг, нутгийн захиргааны байгууллагын зүгээс үл хөдлөх түүх, соёлын дурсгалуудыг хамгаалах чиглэлээр бодит арга хэмжээ авах шаардлагатайг иргэд хэлж байна.      
 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ