Катарын эсрэг кибер халдлагыг АНЭУ зохион байгуулсан гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-17 17:06:25
ВАШИНГТОН./ANADOLU/.Катарын төрийн мэдээллийн QNA агентлаг руу хийсэн кибер халдлагыг Арабын Нэгдсэн Эмирт улс /АНЭУ/ зохион байгуулсан гэж Washington Post сонин АНУ-ын тагнуулын албадын эх сурвалжийг иш татан мэдээлжээ.

Америкийн тусгай албадын цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд, Катар болон Арабын хэд хэдэн орны харилцаанд хямрал үүсгэсэн кибер халдлагын уг сурвалж нь АНЭУ-д байсан байна.

АНЭУ-ын хэд хэдэн өндөр албан тушаалтнууд энэ оны 5 дугаар сард төлөвлөгөө боловсруулсан ба түүний дагуу хакерууд ажилласан бололтой. 

Харин хакеруудын үйлдэл нь АНЭУ-ын төрийн байгууллагын албан ёсны төлөвлөгөөний нэг хэсэг байсан уу аль эсвэл хакеруудыг Абу-Дабигийн нэрийг барьсан хүчнүүд ашигласан уу гэдэг нь тодорхойгүй байгаа аж.

QNA агентлагийн цахим хуудсанд халдсан тухай мэдээлэл 5 дугаар сарын 24-нд гарсан юм. Тус цахим хуудсанд Кувейтын эмир шейх Тамим бин Хамад Аль Тани АНУ-ыг шүүмжилж, Ираныг дэмжин үг хэлж буй хуурамч текстийг байрлуулсан байна.
О.Барс 

 

 

Холбоотой мэдээ