Оросын цэргийн зөвлөх Сирид амь үрэгджээ

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2017-07-12 09:42:32
МОСКВА./BBC/. Оросын цэргийн зөвлөх, ахмад Николай Афанасов Сирийн Хама мужид миномётын галд өртөн амь үрэгдсэн тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр мэдэгдлээ.

“Николай Афанасов нь Арабын Бүгд Найрамдах Сири улсад Оросын цэргийн зөвлөхүүдийн багийн бүрэлдэхүүнд багтан Сирийн хуурай замын цэргийн албан хаагчдыг сургаж бэлтгэх үүрэг гүйцэтгэж байлаа” гэж тус яамны мэдэгдэлд дурдсан байна.

Орос улс 2015 оны 9 дүгээр сарын 30-наас эхлэн Сирид цэргийн ажиллагаа явуулж байгаа юм. Батлан хамгаалах яамны албан ёсны мэдээллээр, байлдааны ажиллагаа явуулсан өнгөрсөн хугацаанд Оросын цэргийн 34 албан хаагч амь үрэгдсэн байна.

Харин зарим хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, дээрх тоо үүнээс ч илүү байж болох юм, учир нь Оросын цэргийн албан хаагчдын зарим хэсэг нь цэргийн хувийн компаниудад ажиллаж байгаа аж.

Оросын талын хамгийн том хохирол бол өнгөрсөн оны 8 дугаар сард Ми-8 нисдэг тэргийг газраас пуужингаар харван унагах үед хоёр нисгэгч, гурван зорчигч амь үрэгдсэн явдал юм.
Г.Доржханд
Холбоотой мэдээ