Мосул хот чөлөөлөгдсөнийг Иракийн Ерөнхий сайд мэдэгдэв

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2017-07-11 10:21:47

БАГДАД./VOA/. “Лалын улс” бүлэглэлийг ялж чадлаа гэж Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр цэргүүдийн хамт Иракийн төрийн далбааг гартаа барьж зогсоод “худал хуурмагийн террорист улс сүйрэн уналаа” гэж хэлжээ.

Сайд энэ мэдэгдлийг хийхээс өмнөхөн “Мосул хотын хуучин дүүрэгт “Лалын улс”-ын хэдэн арван зэвсэгт этгээдүүд эсэргүүцэл үзүүлэн тулалдсаар байна” гэж хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Мосул хотыг чөлөөлөх тулалдаан 9 сарын турш үргэлжилсэн бөгөөд олон мянган энгийн иргэд амиа алдаж, 920 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэсэн байна.  АНУ тэргүүтэй холбоотны хүчин Иракийн цэргүүдэд агаараас дэмжлэг үзүүлсэн бөгөөд Мосулын төлөөх тулалдаан нь дэлхийн II дайнаас хойших хамгийн ширүүн тулалдаан болсон гэж цэргийн командлагчид үзэж байгаа аж. НҮБ-ын мэдээлэлд дурдсанаар, байлдааны ажилллагааны явцад 5000 гаруй барилга байшин эвдрэн сүйрсэн байна.

Мосул хотыг алдсан “Лалын улс” бүлэглэл одоо Иракийн нутаг дахь Хавижа, Тал Афар хотууд болон Ефрат мөрний дагуух Ана-гаас Аль-Каим хүртэлх хөндийг хяналтдаа байлгаж байна. Түүнээс гадна, Сирийн нутаг дэвсгэр дээгүүр урсдаг Ефрат мөрний дагуух Албу Камал, Маяадин зэрэг хотуудыг эзэлсэн хэвээр байгаа бол тус бүлэглэлийн гол түшиц газар болох Ракка хотыг АНУ-аар дэмжүүлсэн Сирийн хүчнийхэн бүслэн аваад байна.

Б.Адъяахүү 
Холбоотой мэдээ