Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын шагнал хүртлээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-07-04 14:28:34
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/ Монгол Улсаас анх удаа Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-аас олгодог тусгай шагнал хүртжээ.
Төрийн буюу нийтийн үйлчилгээний тэргүүн байрын цом, албан ёсны гэрчилгээг НҮБ-аас олгодог бөгөөд өнгөрсөн зургадугаар сарын 22, 23-нд Нидерландын Гаага хотод “United Nations Public Service Forum-2017” ёслолын үйл ажиллагааны үеэр уг шагналыг олгожээ.

НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын хамтын хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ-д 2007 оноос “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Телемедицинийг нэвтрүүлсэн нь” төсөл хэрэгжиж эхэлсэн. Дэлхийн улс орнуудын Засгийн газраас НҮБ-д нийт 552 төслийг өргөн барьснаас 3 номинациар 8 төсөл шалгаруулсны нэг нь энэ төсөл юм.

Манай улсын хувьд хүн амын тал хувь нь нийслэл хотод оршин суудаг бол тэн хагас нь 21 аймагтаа тархан суурьшдаг. ЭХЭМҮТ-д хэрэгжсэн тус зайн оношилгооны төсөл нь гурав дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг авахад хугацаа алддаг, хүндрэлтэй байдаг алслагдсан аймгуудын энгийн ард иргэдэд үр өгөөжөө өгсөн төсөл болсон гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв.

2015 онд Монгол улсад эхийн эндэгдэл 1990 оны түвшнээс 4.6 дахин, 1992 оны суурь үзүүлэлтээс 7.8 дахин буурч, Монгол Улс эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны түвшинд шилжиж, Мянганы хөгжлийн 5 дугаар зорилгыг биелүүлсэн.

Улмаар Монгол Улс “Мянганы хөгжлийн зорилт 5”-ын эх хүүхдийн эндэгдлийг бууруулсан дэлхийн есөн орны нэг болсон нь уг зайн оношилгооны төслийн үр дүн гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд