Салж хагацсан гэр бүлүүдийг уулзуулах ажлыг сэргээхийг Өмнөд Солонгосын Ерөнхий сайд уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-07-03 16:33:42
СӨҮЛ./TASS/. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Нак Ён Өмнөд Солонгос ба Умард Солонгосын салж хагацсан гэр бүлүүдийн уулзалтыг сэргээн явуулахыг БНАСАУ-ын талд санал болгожээ. Энэ тухай тэрбээр өнөөдөр KBS телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдлээ.

“Ийм уулзалтыг Солонгосыг Японы колончлолын дарлалаас чөлөөлсний 72 жилийн ойн баярын үеэр эсвэл  өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэдэг Чусок өдрөөр, түүнчлэн намрын ургацын баярын үеэр хийвэл бүр тохиромжтой” хэмээн Ерөнхий сайд хэлжээ. Хоёр Солонгосын өнөөгийн харилцааг тэрбээр “мөсөн доогуур урсч буй” голтой зүйрлэсэн байна.

Ли Нак Ён хэлэхдээ "Умард Солонгосын талаарх Сөүлийн бодлого нь Пхеньянд шахалт үзүүлж буй дэлхийн хамтын нийгэмлэгийнхтэй адилхан" гэдгийг онцлон тэмдэглэжээ. “Гэсэн хэдий ч яриа хэлэлцээ хийхэд чиглэсэн хүчин чармайлтыг зогсоож болохгүй” гэдгийг тэрбээр онцлон дурдлаа.

Түүхэнд анх удаа болсон хоёр Солонгосын 2000 оны Дээд хэмжээний уулзалтаас хойш хоёр тал салж хагацсан нэг бүлийнхний уулзалтыг 19 удаа зохион байгуулсан юм. Өнгөрсөн хугацаанд  19 000 орчим хүн ах дүү нартайгаа уулзсан байна.

Умард Солонгос болон Өмнөд Солонгост хуваагдан амьдардаг нэг гэр бүлийн гишүүд бие биенийдээ зочлох, захидал бичих, утсаар ярих эсвэл интернетээр холбогдох боломжгүй байдаг аж.

Өмнөд Солонгосын 68 000 гаруй иргэдийн ах дүү нар нь Умард Солонгост амьдардаг ба тэдний ихэнх нь 1953 оноос хойш ах дүү нартайгаа уулзалдаагүй байна. Хилээр тусгаарлагдсан хамаатан саднууд хамгийн сүүлд 2014 оны 2 дугаар сард уулзжээ. Ийм улзалтад оролцох хүмүүсийг сугалаагаар сонгосон аж.
О.Барс
 

 

 

 

 




Холбоотой мэдээ