CNN телевиз Ерөнхийлөгч Д.Трампыг дүрсгүй хүүхэдтэй зүйрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-07-03 09:52:15
НЬЮ-ЙОРК./TASS/.  CNN телевизийн лого бүхий хүнийг нүүрэн дундуур нь цохиж байгаагаа харуулсан эвлүүлэгтэй дүрс бичлэгийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Twitter хуудсандаа байршуулснаараа яг л дүрсгүй хүүхэд шиг ааш зан гаргалаа гэж ням гарагт CNN телевизийн удирдлагаа гаргасан мэдэгдэлд дүгнэжээ.

CNN-ий удирдлага “АНУ-ын Ерөнхийлөгч сэтгүүлчдийн эсрэг хүчирхийллийг дэмжиж байгаа нь тун харамсалтай хэрэг” гэж мэдэгдсэн байна. Өмнө нь Цагаан ордны төлөөлөгч Сара Хакаби-Сандерс "Д.Трамп хэзээ ч хүчирхийллийг дэмжихгүй" гэж худлаа ярьж байжээ хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

“Гадаад айлчлал, Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй хийх анхны уулзалтандаа бэлтгэх, Умард Солонгосын асуудлыг шийдвэрлэх, эрүүлийг хамгаалах хуулийн төсөл дээр ажиллахын  оронд Д.Трамп яг дүрсгүй хүүхэд шиг ааш зан гаргаж байгаа нь түүний хашиж буй өндөр албан тушаалд нь огтхон ч нийцэхгүй байна. Бид ажлаа хийе, Ерөнхийлөгч ч гэсэн өөрийн ажлаа хийх хэрэгтэй байна” хэмээн телевизийн удирдлага дургүйцлээ илэрхийлжээ.

Ням гарагийн өглөө Д.Трамп Twitter хуудсандаа CNN телевизийн логотой хүнийг нүүрэн дундуур нь цохиж байгаагаа харуулсан эвлүүлэг дүрс бичлэг тавьсан аж. Д.Трамп уг дүрс бичлэгийн дор “FraudNewsCNN” / FNN “Fake News Network” гэсэн коммент бичжээ. Дүрс бичлэгийн эхийг нь үзэхэд 2007 онд гарсан WrestleMania нэвтрүүлгийн бичлэг болж таарч байгаа юм. “Тэрбумтнуудын тулаан” нэвтрүүлгийн үеэр Д.Трамп Америкийн рестлингийн холбооны тэргүүн, нэрт промоутер Винсон Макмэнтэй “тулалдсан” юм. Тавьсан бооцоо ёсоор рингэн дээр хожигдсон нь олны нүдэн дээр үсээ хусуулах ёстой байжээ. Гэсэн хэдий ч Макмэн рестлерүүдийн тулаанд хөндлөнгөөс оролцоход Д.Трамп уурлан түүнийг дарж унаган нүүрэн дундуур нь хэд хэд тас буулгажээ. Дээр дүрс бичлэгт CNN-ийн логог Макмэний нүүрэн дээр тавьсан байгаа нь харагдана. Эцэст нь одоогийн Ерөнхийлөгчийн бооцоо тавьсан тулаанч ялсан тул Макмэнийг рингэн дээр гаргаж ирэн Д.Трамп түүний үсийг хусчээ.

Сүүлийн саруудад Д.Трамп CNN болон бусад мэдээллийн хэрэгслүүдийг худал  мэдээ тараасан гэж байнга шүүмжлэх болсон юм.
О.Барс 

 

 

 

 

 

 


Холбоотой мэдээ