Төр засгийн удирдлагууд саналаа өглөө

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-06-26 17:25:17
Монгол Улсын төрийн гурван өндөрлөг өнөөдөр тус тусын оршин суугаа хаягийнхаа дагуу хуваарилагдсан хэсгийн хороодод биечлэн очиж саналаа өглөө. Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1851 дүгээр хэсэг, УИХ-ын дарга М.Энхболд Чингэлтэй дүүргийн 1937 дугаар хэсэг, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн 1731 дүгээр хэсгийн байранд очиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд санал өгсөн юм.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч төр улсын ажил үйлс урагштай, түмэн олны амьдрал амгалан, бүтээл нь улам их байх өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлсэн бол УИХ-ын дарга энэ жилийн сонгууль улс орны эдийн засаг, нийгмийн хямралт байдлаас гарахад иргэддээ ээлтэй эдийн засаг, хөгжлийг бий болгоход нөлөө үзүүлэх чухал үйл явдал юм гэдгийг онцоллоо. Харин Ерөнхий сайд Монгол Улсын хөгжлийн төлөө Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа олон тодорхой арга хэмжээний үр дүнд улс орны эдийн засагт нааштай өөрчлөлт гарч байгааг тэмдэглээд “Монголын ард түмэн энэхүү өөрчлөлтийг баталгаажуулах сонголт хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэдгээ хэллээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд