Мексикийн хил дээр барих хананд нарны зай суурилуулахыг Д.Трамп санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-06-23 16:26:41
ЛОНДОН./BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн хилийн дагуу барих ханан дээр нарны зай байрлуулах санаа сэдсэн тухайгаа ярьжээ.

Айова муж улсад болсон цуглаанд оролцохдоо тэрбээр "нарны зай нь хямд эрчим хүчинйг үйлдвэрлэх бөгөөд ханыг барих зардлыг нөхөхөд нэмэр болно" гэж хэлсэн байна.

Тэрбээр "энэ төлөвлөгөө бол зөвхөн минийх"  гэж дурдаад “гайхалтай сайхан санаа байгаа биз? Үнэхээр гоё байгаа биз?” гэжээ.

Дашрамд дурдахад, Мексикийн хил дээр барих ханан дээр нарны зай суулгах нь зүйтэй гэсэн санал Америкийн эрх баригчдад өмнө нь ирж байжээ.

Д.Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр хууль бус цагаачлал, хар тамхины наймааг таслан зогсоохын тулд Мексикийн хил дээр хана барина гэж амлаж байсан юм.

“Их халуун болдог Мексиктэй залгаа хил дээр “нарны хана” барья гэж бодож байгаа, ингэснээр хана өөрөө эрчим хүч үйлдвэрлэн өртгөө нөхөх юм. Ийм учраас Мексик улс хавьгүй бага мөнгө төлөх боломжтой, тэгэхээр энэ чинь сайн зүйл мөн биз дээ?” хэмээн Д.Трамп олзуурхан ярьжээ.

Хил дээр барих хананы талаар АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас хүргүүлсэн саналд 200 гаруй компани төслөө ирүүлсэн байна.
О.Барс 

 

 

Холбоотой мэдээ