БНХАУ-ын үйлдвэрлэл 3 сар дараалан буурлаа

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2015-11-02 09:22:09

БЭЭЖИН. /ВВС/. БНХАУ-ын үйлдвэрлэлд гурван сар дараалан буурсан үзүүлэлт гарсныг тус улсын Засгийн газар судалгаагаар харуулжээ.

Хангамжийн менежерийн индекс 10 дугаар сард 49.8 хувьтай байсан нь өнгөрсөн сарынхтай адил үзүүлэлт юм. Мөн 50 хувиас доош үзүүлэлт нь үйлдвэрийн үйл ажиллагаа суларсан болохыг харуулж байна.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай байгаа нь санхүүгийн хямрал эхэлснээс хойших хамгийн бага үзүүлэлт ажээ. Энэ нь хөрөнгийн зах зээл дэх уналт болон дэлхийн хэмжээнд эрэлт буурсантай холбоотой юм.

Хангамжийн менежерийн индекс 10 дугаар сард 50 хувьд хүрнэ гэж эдийн засагчид урьдчилан таамаглаж байжээ.

Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан, дотоодын эдийн засгийн унасан байдлын улмаас үйлдвэрлэгчид импорт, экспортын хүндрэлтэй нүүр тулаад байна гэж БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны ахлах статистикч Жао Цинхө мэдэгдэв.

Энэ жил зээлийн хүүг таван дахин бууруулах зэргээр эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх арга хэмжээг БНХАУ аваад байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ