Х.Баттулга: Монголчууд ялах болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-27 12:36:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад өнөөдөр СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулав.

Нэр дэвшигчийн үнэмлэхийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн гардуулж, хуулийн дагуу шударга өрсөлдөхийг хүслээ.

Энэ үеэр нэр дэвшигч Х.Баттулга: “Сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Хүч тэнцвэргүй тулаан болох ч би сонгуульд бэлэн байгаа. Монголчууд ялах болно” гэлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ: “АН үе үеийн сонгуульд шударгаар өрсөлдөж ирсэн. Энэ сонгуульд ч шударгаар өрсөлдөнө. Тиймээс нөгөө хоёр намаа мөн шударгаар өрсөлдөхийг уриалж байна” гэв.

Үнэмлэх гардуулах үеэр Эрх чөлөөний талбайд АН болон ИЗНН-ын гишүүд дэмжигчид цугласан байлаа. Энэ үеэр Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн нэр дэвшигч Х.Баттулгад хадаг, мөнгөн аяганы хамт гардуулан амжилт хүслээ. Монгол Улсад үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах төрийн тэргүүн хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн  онцолсон юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ