Ерөнхий сайд газар тариалангийн бүст ажиллалаа

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-05-24 16:20:18
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 21-22-ны өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа. Тэрээр Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн зарим аж ахуйн нэгжийн тариа ногооны талбайд очиж, хаврын тариалалтын явц, ногоочдын ажил хөдөлмөрийн байдалтай танилцан тариаланчидтай санал бодлоо солилцсон юм.
Энэ онд улсын хэмжээгээр 381,6 мянган га-д үр тариа, 23,6 мянган га-д төмс, хүнсний ногоо, 23,2 мянган га-д тэжээлийн таримал, 28,6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 458,0 мянган га-д тариалалт хийхээр бэлтгэл ажлаа хангаж, тариалалтын ажил ид явагдаж байгаа билээ. Ажлын айлчлалынхаа төгсгөлд Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Сүүлийн үед тариаланчид хөрс хамгааллын технологийг түхүү барихгүй бол хөрсний үржил шим алдагдах, хөрс цөлжих эрсдэлтэй байна. Хөрс хамгаалах нь тариаланч болгоны санаа зовох асуудал мөн. Хөрсөө шинжилгээнд хамруулж, дүгнэлт гаргаж, энэ дүгнэлтэд үндэслэсэн “эмчилгээг” заавал байх ёстой гэдэгт тариаланчид маань санал нэгтэй байгаа. Газар тариалан биднийг олон жил тэжээнэ. Газар нутгаа үр хойчдоо үржил шимтэй хэвээр нь үлдээхийн тулд хөрс хамгааллын асуудлыг өнөөдрөөс ярьж эхлэх ёстой. Энэ чиглэлд Засгийн газар анхаарч ажиллана” гэлээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд