“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-05-09 08:27:25
Монгол Улсын Засгийн газар энэ оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж 5-р сарын 5-с орон даяар хэрэгжүүлж эхэллээ.
 
Д.Сүхбаатарын талбайд болсон “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож үг хэллээ.
 
Тэрээр “Элэгний хорт хавдар, хатуурлын үндсэн шалтгааны нэг болсон С вирүсийн өвчлөлийг эмчлэх эм, үүний дотор “Харвони” эм бий болсноор өвчлөлийг бууруулах, эдгээх өргөн боломж нээгдсэн. Хэдийгээр эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байгаа ч технологийн үр шимийг хүртэх, эмчлэгдэх боломжийг иргэддээ нээн өгч С вирүсийг илрүүлэх, эмчлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна хэмээв.
 
Засгийн газар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд С вирүсийн халдвартай 150 мянган хүнийг бүрэн эмчилж, элэгний хорт хавдар, хатуурлын шалтгаантай нас баралтыг эрс бууруулж, вирүсийн голомтыг устгахыг зорьж байна.
 
Тухайлбал энэ жил 40-65 настан, ирэх онд 15-39 настай болон 65-аас дээш насны иргэдийг В,С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулна. Мөн эмийн эмчилгээг даатгалын хөнгөлөлттэй үнэд багтаан, цаашдаа элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс хариуцдаг болох юм.
 
Статистик мэдээнээс үзвэл 2016 онд хавдрын 5991 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд 2160 буюу тал хувь нь элэгний хавдартай гарсан байна. Сүүлийн 10 жилд элэгний хорт хавдрын улмаас жилд дунджаар 2600 хүн буюу өдөр бүр долоон хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн түүвэр судалгаагаар манай улсын 400 орчим мянган хүн В,С вирүсийн халдвартай байх магадлалтай юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд