Монгол, Италийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-26 18:07:33

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд БНИУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайдын П.Жэнтилони-гийн урилгаар Бүгд Найрамдах Итали Улсад албан ёсны айлчлал хийв. 

Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНИУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд П.Жэнтилони-тэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Гадаад хэргийн сайд нар Монгол Улс, БНИУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож буйг тэмдэглээд энэ хугацаанд Монгол, Италийн харилцаа амжилттай хөгжиж ирсэн төдийгүй харилцаа, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Чингэхдээ хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх бүхий л боломжуудын талаар санал солилцсоны зэрэгцээ дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал, хамтын ажиллагааны механизмыг тогтмолжуулах, Монгол, Италийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, түүний дотор хөдөө аж ахуй, хүнсний салбарт хамтран ажиллах, хувийн хэвшил хоорондын шууд хэлхээ, холбоог хөхиүлэн дэмжих соёл, боловсролын солилцоог эрчимжүүлэх боломжуудын талаар хэлэлцэв.

Мөн Гадаад хэргийн сайд нар харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцов. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2016 онд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаар товч мэдээлэв. Сайд П.Жэнтилони ирэх онд Итали Улс ЭСЯ-аа Улаанбаатар хотод нээхээр төлөвлөж байгаагаа мэдээлж, АСЕМ-ийн уулзалтыг Монгол Улс зохион байгуулахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх, сонгодог урлагийн боловсон хүчнийг бэлтгэхэд тэтгэлэг олгох асуудлыг сэргээхээ уулзалтын үеэр мэдэгдэв. Мөн тэрбээр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Аюулгүйн зөвлөлийн сонгуульд Итали Улс Монгол Улсыг дэмжихийг нотлов. Айлчлалынхаа үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мөн БНИУ-ын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Бенедетто Дэллэ Вэдоватай уулзаж, ГХЯ-д хоорондын хамтын ажиллагаа, олон улсын байгууллагын хүрээнд харилцан бие биенээ дэмжих, АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд хамтран ажиллах талаар ярилцав. 

Холбоотой мэдээ