Зөвлөлдөх уулзалтын санал асуулгын хуудсыг бөглөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-30 20:28:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулсан анхдугаар Зөвлөлдөх санал асуулгад оролцсон төлөөлөгчид хоёр өдрийн турш нийт зургаан сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, судлаачдаас сонирхсон асуултдаа хариулт авав. 

Өөрөөр хэлбэл, “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”, "Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох", "Улс төрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх", "Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх", "Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах", "Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх" зэрэг нийт зургаан сэдвийн хүрээнд оролцогчид мэдлэг мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Үүний дараа нийт оролцогчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх санал асуулгын хуудсыг бөглөлөө. 
 
Энэхүү зөвлөлдөх уулзалтын санал асуулгын дүнг ирэх сарын 5-ны дотор нэгтгэн гаргах юм. Энэхүү дүн мэдээг Зөвлөлдөх зөвлөл нэгтгэн зөвлөмж гаргаж, УИХ-д танилцуулах аж.
Б.Туул
Холбоотой мэдээ